ОХУ “Восток-2022” стратегийн команд штабын цэргийн хээрийн сургуулилалтыг есдүгээр сарын 1-нд эхлүүлж долоо хоногийн хугацаанд амжилттай явуулж өндөрлөжээ. Ерөнхийлөгч В.Путин Приморийн “Сергеевский” полигонд есдүгээр сарын 6-нд хүрэлцэн ирж “Восток-2022” сургуулилалтын явцтай биечлэн танилцлаа. Улмаар Батлан хамгаалахын сайд С.Шойгу, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, армийн генерал В.Герасимов нартай хаалттай уулзалтыг зохион байгуулав.
Тус сургуулилтад нийтдээ 50 мянга гаруй цэргийн албан хаагчид оролцсоноос, гадаадын 14 орны 2000 гаруй цэрэг, 35 орны цэргийн ажиглагчид, 100 гаруй гадаад, дотоодын сурвалжлагчид оролцжээ.
Хээрийн сургуулилт хоёр үе шатаас бүрдсэн бөгөөд эхний шатанд дайсны агаарын довтолгоог няцаах, дараагийн шатанд дайсныг бут цохих зорилготой стратегийн давшилтын ажиллагааг явууллаа. Тухайлбал, болзошгүй дайсанд “Калибр” цогцолборын далавчит пуужин, “Искандер-М” цогцолборын оператив-тактикийн пуужин, их буу, нисэх онгоцоор их хэмжээний цохилт өгч, “эзлэгдсэн суурин”-ыг чөлөөлөх, давшилтад шилжиж, дайсны үндсэн бүлгийг бут цохих ажиллагааг боловсруулжээ. Үүний нэг жишээ нь, Оросын Номхон далайн флотын хөлөг онгоцоос харвасан “Калибр” цогцолборын далавчит пуужин замд тохиолдох бүх саад тотгорыг даван туулж, 300 гаруй километрийн зайд Агнуурын тэнгис дэх байгаа амжилттай оносон байна.