Үндэсний аюулгүй байдал, стратеги судлалын тулгамдсан асуудлыг хөнддөг “Стратегийн судалгаа” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 101 дэх дугаарыг хэвлэн гаргалаа. Энэ удаагийн дугаарт үндэсний аюулгүй байдлын стратегийн зорилгын хэрэгжилт, аюулгүй байдлын үндсэн нэр томьёоны ойлголт, харьцаа, геополитикийн орчин дахь жийрэг улсын байр суурь, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудал зэрэг сэдвээр судалгааны өгүүллүүд багтсан.

Түүнчлэн Азийн социалист болон постсоциалист зарим улсын цөмийн бодлогын харьцуулсан судалгаа, Монгол Улсад нам өндрийн эдийн засгийг хөгжүүлэх боломж, шинэ технологи ба уламжлалт зэвсгийн системийн харилцан үйлчлэл, агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах орчин үеийн чиг хандлагыг авч үзсэн болно. Байгалийн баялгийн ашиглалт, газрын ховор элементийн нөхцөл байдал, бодлогын чиг хандлага, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн үндэсний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөлөл зэрэг асуудлыг мөн хөндлөө.
Сэтгүүлийн энэ удаагийн дугаар нь үндэсний болон олон улсын аюулгүй байдлын асуудлыг стратегийн, бодлогын, эрх зүйн хүрээнд шинжлэн судалж, судлаач, шинжээч, бодлого боловсруулагчдын мэдлэг, мэдээллийн хэрэгцээнд хувь нэмэр оруулах зорилготой юм.
Сэтгүүлийг дараах холбоосоор уншина уу. https://www.mongoliajol.info/index.php/MJSS
