ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Хятадын Ерөнхий сайд Ли Цяны урилгаар 2023 оны 12 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж, Хятад, Оросын засгийн газрын тэргүүн нарын 28 дахь удаагийн ээлжит хуралдаанд оролцож, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа.
Айлчлалаар ОХУ, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчим хүчний салбар, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн солилцооны хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ дэд бүтцийг бий болгох, Хойд тэнгисийн замыг хөгжүүлэх, үр тарианы худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, хамтарсан томоохон төслүүдийг дэмжих асуудлыг хэлэлцлээ.
ОХУ-ын Ерөнхий сайдын энэхүү айлчлал нь сүүлийн нэг жилийн хугацаанд Хятадад хийж буй түүний хоёр дахь айлчлал бөгөөд энэ удаагийн айлчлалаар Орос-Хятадын хамтын ажиллагааны 10 хэлэлцээрт гарын үсэг зурж, дараах үр дүн, байр суурь, цаашдын төлвийг хоёр тал илэрхийллээ. Үүнд:
• 2023 онд Орос-Хятадын худалдааны хэмжээ 218 тэрбум долларт хүрсэн нь өнгөрсөн оныхоос 26.7 хувиар их бөгөөд бүх гүйлгээний 90 хувь нь рубль, юаниар хийгдсэн
• 2023 оны эхний 10 сарын байдлаар ОХУ-аас Хятадад нийлүүлсэн газрын тосны экспорт дөрөвний нэгээр, шингэрүүлсэн хий гуравны нэгээр нэмэгдсэн
• 2023 он гарсаар Хятад улс Оросоос зургаан тэрбум гаруй долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авсан
• 2023 оны 12 дугаар сараас эхлэн Хятад-Оросын “Шинэ хуурай үр тарианы коридор”-ыг нээж, ойрын 12 жилийн хугацаанд Оросын 70 сая тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг түүгээр дамжуулан Хятадад нийлүүлнэ
• Хоёр талын хамтын ажиллагааны 80 хамтарсан төсөл хэрэгжиж байгаа бөгөөд нийт дүн нь 20 их наяд рубль буюу нэг их наяд 600 тэрбум юань болж байна
• Москва, Бээжин хоёр 2030 он гэхэд хоёр талын худалдааны эргэлтийн хэмжээг 300 тэрбум долларт хүргэхээр төлөвлөж байна
• 2024 онд Орос-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэж, 2024-2025 оныг хоёр тал соёлын жил болгоно.
Айлчлалын үеэр ОХУ-ын Ерөнхий сайдыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүлээн авч уулзахдаа, “Хятад, Оросын харилцааг хадгалж, хөгжүүлэх нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд тулгуурлан хийгдсэн хоёр талын стратегийн сонголт юм. Өнөөдөр Орос-Хятадын харилцан үйлчлэлийн бат бөх суурь тавигдаж, цар хүрээ, чанар нь нэмэгдэж, эрсдэлийг даван туулах чадвар нь бэхжиж байна” хэмээн мэдэгдлээ.
Мөн үеэр ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Хятадад саяхан болсон газар хөдлөлтөд амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлээд байгалийн гамшгийг даван туулахад Орос улс Хятадад туслахад бэлэн байгааг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд уламжиллаа.
Эх сурвалж: https://fondsk.ru/news/2023/12/20/vizit-rossiyskogo-premera-v-kitay-podtverdil-nastroy-dvukh-derzhav-na-razvitie
Хятад, Оросын засгийн газрын тэргүүн нарын 28 дахь удаагийн ээлжит хуралдаан, яриа хэлэлцээнд Ерөнхий сайд Михайл Мишустинаас гадна ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, Шадар сайд Татьяна Голикова, Ерөнхийлөгчийн Алс Дорнодын Холбооны тойрог дахь бүрэн эрхт элч Юрий Трутнев, Шадар сайд Дмитрий Чернышенко, ОХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игорь Моргулов, ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимова, Спортын сайд Олег Матыцин, Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко, Тээврийн сайд Виталий Савельев, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Элмир Тагиров, Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко нар оролцлоо.