ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр буюу 12 дугаар сарын 19-нд Минскийн нисэх онгоцны буудалд газардахад Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко өөрийн биеэр талх, давс барин угтаж, дараа нь Минск хотын Тусгаар тогтнолын ордонд хоёр Ерөнхийлөгч Орос-Беларусийн дээд түвшний хэлэлцээрийг хийлээ.
Хэлэлцээрт хоёр улсын Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн дарга нар багтаж, холбоотны эдийн засгийн интеграцчлал болон батлан хамгаалах, аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг бүхэлд нь нарийвчлан хэлэлцэж тохиролцлоо. Төгсгөлд нь тэргүүн нар цаг гаруй хугацаанд ганцаарчилсан яриа хэлэлцээг үргэлжлүүлж, айлчлалын үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Уулзалтын эхэнд өмнө нь батлагдсан холбоотны 28 хөтөлбөрийн хэрэгжилт, түүний дотор худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, атомын болон эрчим хүчний салбарын асуудал, ялангуяа байгалийн хийн үнийн асуудал, импортыг орлохыг чухалчилсан хамтарсан төслүүдийн талаар өргөтгөсөн хүрээнд ярилцлаа.
Дараа нь аюулгүй байдлын асуудал, бүс нутаг болон дэлхийн нөхцөл байдлын талаар санал солилцож, шинээр гарч ирж буй сорилтод хариу арга хэмжээ авах хамтарсан арга хэмжээний талаар ганцаарчлан уулзалтыг хийжээ. Мөн хоёр орны цэрэг-техникийн салбарт хамтран ажиллах төлөвлөгөөг баталлаа.
Холбоотны 28 хөтөлбөрийн биелэлт 60 хувьтай байгаа бөгөөд худалдааны эргэлт 30 хувиар өсөж энэ онд 38 тэрбум ам.долларт хүрч, газрын тос, байгалийн хийг “маш таатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр” нийлүүлж байгаа зэрэг нь найдвартай холбоотны найрсаг харилцааны үр дүн гэж хоёр тал үзэж байна.
Агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн системийг бий болгож, Оросоос шилжүүлсэн С-400, Искандер цогцолборууд Беларусийн нутаг дэвсгэрт байлдааны үүрэг гүйцэтгэж, хамтарсан цэргийн бүлэглэлийн бэлэн байдал жигдэрч, шинэ цэргийн зэвсэглэл техник хамтран бүтээж, Беларусийн байлдааны нисэх онгоцны багийнхныг “тусгай цэнэгт хошуутай агаараас хөөргөх пуужин ашиглах” ажиллагаанд сурган, Беларусийн сансрын нисгэгчийг удахгүй сансарт хөөргөх гэж байгаа зэрэг батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны талаар хоёр тал мэдэгдлээ.
В.Путин А.Лукашенкод шахалт үзүүлэн Украин дахь байлдааны ажиллагаанд Беларусийг татан оролцуулах асуудлыг шийдвэрлэхээр Минск рүү явж байна гэсэн мэдээллийг “тэнэг бөгөөд үндэслэлгүй” хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдэгдэж байна.