Израил ХАМАС бүлэглэл хоорондын дайн эхлээд нэг сар болж, энэ хугацаанд  Израилийн арми Газын зурвасыг бүрэн бүсэлж, хойд өмнөд хэсгээр нь хоёр хуваан, агаарын цохилт,  хуурай замын цэргийн ажиллагааг хослуулан явуулж байна. Израил ХАМАС хоорондын дайн гамшгийн хэмжээнд хүрч, АНУ, НҮБ зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлт, шахалтын дор Газын зурвас дахь Египеттэй хиллэдэг өмнөд хил дээр гадаадын иргэд болон шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх зорилгоор хүмүүнлэгийн коридор нээгээд байна. 

“Израилийн арми Газын зурвас дахь 170 өвчтөн, олон зуун энгийн иргэд байрлаж байсан Аль-Шифа эмнэлгийн  цогцолборт  цохилт өгсөн” хэмээн Хамас бүлэглэл Израилийг буруушааж байна. Харин Израилийн батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч адмирал Даниел Хагари үүнийг үгүйсгэж, “ХАМАС-ын дайчид эмнэлгийн байрлалд  нуугдаж, тэдгээрийг цэргийн ажиллагааны бааз болгон ашиглаж байна” хэмээн мэдэгдэж байна.

Хамас бүлэглэлийн хяналтад байдаг Газын зурвасын Эрүүл мэндийн яам “Израилийн цохилтын улмаас 10022 хүн амь үрэгдсэний 4104 нь хүүхэд, 2641 нь эмэгтэй байна” хэмээн мэдэгдэж байгааг Израилийн тал мөн үгүйсгэж байна. 

Эх сурвалж:  https://www.bbc.com/russian/live/news-67209560

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Ойрх Дорнодод ажлын айлчлал хийж, арабын орнуудтай яриа хэлэлцээ хийсний зэрэгцээ Газын зурвасыг илүү олон энгийн иргэд орхин явах боломжийг олгохын тулд байлдааны ажиллагааг хүмүүнлэгийн зориулалтаар түр зогсоохыг уриалж байна. Одоогийн байдлаар Газын зурвасын хойд хэсгээс 800 мянган хүн өмнөд хэсэг рүү дүрвээд байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын яриа хэлэлцээний үр дүнд Египеттэй хиллэдэг хилээр хүмүүнлэгийн коридор,  шалган нэвтрүүлэх цэгийг нээж, шархтан олзлогсдыг нэвтрүүлэх төдийгүй, олон улсын хүмүүнлэгийн цувааг Газын зурваст хүргэж эхэллээ. 

Арабын Нэгдсэн Эмират улс Газын зурваст хээрийн эмнэлэг байгуулахаа мэдэгдэж, тус эмнэлгийн эд анги, тоног төхөөрөмж ачсан таван онгоцыг Газад хамгийн ойрхон байрлах Египетийн Ариш хотын нисэх онгоцны буудал руу илгээгээд байна. Өчигдөр хүмүүнлэгийн тусламж ачсан 30 ачааны машин Рафах хилийн боомтоор Газын зурвас руу нэвтэрсэн бол цаашид Газын энгийн иргэдийн наад захын хэрэгцээг хангахын тулд өдөрт хамгийн багадаа 100 ачааны машин тусламж шаардлагатай гэж буяны байгууллагууд мэдэгдэж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Газын зурвас хүүхдийн оршуулгын газар болон хувирч байна”  хэмээн мэдэгдээд хүмүүнлэгийн тусламжийг энгийн иргэдэд хүргэхийн тулд Газад нэн даруй гал зогсоохыг уриаллаа. Энэхүү зорилгоор НҮБ санхүүжилт босгох төслийг албан ёсоор нээж, одоогоор Палестины нутаг дэвсгэрт 1.2 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр боллоо.

Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен даваа гарагийн өглөө Европын Холбоонд суугаа элчин сайд нарт хандан үг хэлэхдээ, Израиль ХАМАС-ын дайны дараа ирээдүйд ЕХ-ны баримтлах зарчим, байр суурийг илэрхийллээ.

Үүнд:

  • Газын зурвас  нь цаашдаа террористуудын орогнох газар байх ёсгүй;
  • Газын зурвас нь ХАМАС-ын удирдлага дор үлдэх боломжгүй;
  • Израилийн цэргийн хүчин Газын зурваст үлдэх ёсгүй;
  • Израил Газын зурвасыг бүрэн бүслэх ёсгүй;
  • Энгийн иргэдийг Газын зурвасаас шахан гаргах ёсгүй;
  • Газын зурвас нь ирээдүйн Палестины улсын салшгүй хэсэг байх ёстой;
  • Израил-Палестины асуудал “хоёр улс”-ын үзэл баримтлалын дагуу шийдэгдэх ёстой.

Мөн үеэр Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен “Европын Холбоо Газын зурвасын оршин суугчдад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн хэмжээгээ одоогийн 25 саяаас 100 сая еврод хүргэнэ” хэмээн  мэдэгдлээ. 

Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси 2023 оны 11 дүгээр сарын 12-нд Исламын хамтын ажиллагааны байгууллагын ээлжит бус дээд хэмжээний уулзалтад оролцохоор Саудын Арабт айлчилж,  Газын зурвас дахь дайны талаар бүс нутгийн орнуудтай яриа хэлэлцээ хийх төлөвтэй байна.

Шийт шашинт Иран, суннит шашинт Саудын Араб хоёр исламын ертөнцөд нөлөө үзүүлэхийн төлөөх тэмцэлд удаан хугацааны турш зөрчилдөж ирсэн ч 2023 оны  гуравдугаар сард Хятадын зуучлалаар харилцаагаа хэвийн болгохоор тохиролцсон.  Цаашид тус хоёр улсын байр суурь, эв нэгдэл, яриа хэлэлцээнээс  Израил, ХАМАС-ын дайны ирээдүй нэлээд хамаарах төлөвтэй байна.

–o0o–

Similar Posts