Төв Азийн орнуудын Төрийн тэргүүн нарын V дээд хэмжээний зөвлөлдөх уулзалтыг есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Тажикстаны нийслэл Душанбе хотноо зохион байгууллаа. Уулзалтыг Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон даргалж, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Кыргызстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров, Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар оролцлоо.
Эх сурвалж:
Дээд хэмжээний уулзалтаар Төрийн тэргүүн нар хамтарсан мэдэгдэл гаргаж, Төв Азийн хуурай замын тээврийн холболтыг бэхжүүлэх хэлэлцээр, Залуучуудын бодлогын ерөнхий чиглэлийн тухай Төв Азийн орнууд хоорондын хэлэлцээр, Төв Азийн Төрийн тэргүүн нарын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах Үндэсний зохицуулагчдын зөвлөлийн тухай журам, 2022-2025 онд Төв Азийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих замын зураглалыг баталлаа.
Хамтарсан мэдэгдэлд Ерөнхийлөгч нар, Төв Азийн орнуудын найрсаг харилцааг тууштай бэхжүүлэхэд зөвлөлдөх уулзалтын механизм чухал болохыг онцлоод, бүс нутгийн бүхий л асуудлыг эрх тэгш, бие биеийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн дээр зөвхөн улс төр, дипломатын арга замаар шийдвэрлэхийг уриалж байна.
“НҮБ бол дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны цорын ганц байгууллага бөгөөд дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, бүх нийтийн хөгжлийг ахиулахад гол үүрэг гүйцэтгэдэг” хэмээн НҮБ-ын үүргийг тодотголоо.
Уулзалтаар Кыргызстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров бүс нутгийн эрчим хүч, усны асуудлыг хамтран шийдэх, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Төв Азийн орнуудын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулан Төв Азийн хөрш орнууд болон цаашлаад хилийн чанадад байгалийн хий, цахилгаан эрчим хүч нийлүүлэхэд бэлэн байгааг, Узбекстаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ложистикийн сүлжээг бий болгох, хил дамнасан худалдаа, хамтын ажиллагааны төвүүдийг нээх, өргөжүүлэх зэрэг бүс нутгийн цогц хөтөлбөрийг батлах шаардлагатайг онцолж байв.
Бүс нутагт худалдаа, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх, бүс нутгийн улс орнуудын харилцан төлбөр тооцоонд үндэсний мөнгөн тэмдэгтийн эзлэх хувийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх тээврийн чадавх, үр ашгийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицох, бие биеийнхээ үндэсний уламжлал, үнэт зүйлд хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх өргөдлийг хамтран гаргах, нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүд, залуучуудын өргөн оролцоог хангах асуудлыг Ерөнхийлөгчид тууштай дэмжиж байгаагаа илэрхийлж байна.
Душанбед болсон дээд хэмжээний уулзалтын хүрээнд “Экспо Төв Ази 2023” үзэсгэлэн, “Найрамдлын үдэш” гала концерт, Эдийн засгийн форум, Дээд боловсролын хоёрдугаар форум, Зам тээврийн сайд нарын анхдугаар хуралдаан, Төв Азийн эмэгтэй удирдагчдын уулзалт, Уран бүтээлчдийн үзэсгэлэн, Эрдэмтдийн форум, Үндэсний хоолны баяр, Олон улсын усан сэлэлтийн тэмцээн, Сайн дурын ажилтны форум, Залуучуудын форум, Залуу бизнес эрхлэгчдийн форум, Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын удирдагчдын форум зэрэг 14 арга хэмжээг зохион байгуулжээ.