АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Шинэ Делид болсон G20-ийн дээд хэмжээний уулзалтын дараагаар Вьетнамд энэ сарын 10-11-нд хоёр өдрийн албан ёсны айлчлал хийлээ. Тэрээр айлчлалын үеэр Вьетнамын Коммунист намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг-той хэлэлцээ хийж, Вьетнам-Америкийн харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Эх сурвалж https://apnews.com/article/biden-vietnam-status-china-trade-ac8f9dd899f77910c42295769d3fedb6
Иж бүрэн стратегийн түншлэлд НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүй, улс төрийн институт, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэх, хоёр талын хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, бие биеийнхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг онцолж, Украины мөргөлдөөнийг яриа хэлэлцээ, энхийн замаар шийдвэрлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.
АНУ-Вьетнамын иж бүрэн стратегийн түншлэл нь:
• Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа;
• Дижитал хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологи, инновац;
• Боловсрол, сургалтын салбарын хамтран ажиллагаа;
• Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчин, эрүүл мэндийн чиглэлээрх хамтын ажиллагаа;
• Дайны үр дагаврыг даван туулахын тулд хамтран ажиллах;
• Батлан хамгаалах, аюулгүй байдал;
• Хүний эрхийг сурталчлах, хамгаалах;
• Бүс нутгийн болон олон улсын асуудлаар зохицуулалт хийх гэсэн найман үндсэн чиглэлээс бүрдэж байна.