Дэлхий нийтээр ус болон ариун цэврийн байгууламжийн асуудал, хямралыг шийдвэрлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулж, сурталчлан таниулах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар энэ өдрийг тохиолдуулан “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг гадаргын болон газрын доорх усны нөөц, усны салбарын эрхзүйн орчин, тулгамдаж буй асуудлууд сэдвээр “ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУРДАСГАЯ” уриалгын дор энэ сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Үндэсний чуулганы зорилго нь хүн ам, улс орны эдийн засгийг баталгаатай, хүрэлцээтэй усаар хангаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог хангаж, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “2022 оны байдлаар манай улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь ямар нэг байдлаар цөлжилт, газрын доройтолд нэрвэгдэж, улсын хэмжээнд 360 гаруй гол горхи, нуур, булаг шанд ширгэжээ” гэж мэдээллээ.
“Цэнхэр алт” үндэсний чуулганаас салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, усны үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бүрдүүлж, чадавхжуулах чиглэлээр нийт дөрвөн зүйл, 19 заалт бүхий зөвлөмжийг гаргалаа.