ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Бүх Оросын төрийн телевиз, радио нэвтрүүлгийн компани (ВГТРК)-ийн ярилцлагад энэ сарын 25-нд орох үеэр нэгэн мэдэгдэл хийлээ. Тэрээр “Орос улс Беларусийн 10 цэргийн нисэх онгоцыг тактикийн цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай болгох, Беларусийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсгээ байрлуулах, тактикийн цөмийн зэвсгийг хадгалах, агуулах барих ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 3-нд эхэлж, долоодугаар сарын 1 гэхэд дуусгах бодолтой байна” хэмээлээ.
Мөн барууны орнуудаас Украинд нийлүүлэхээр зэхэж буй орчин үеийн танк, хуягт тээврийн хэрэгслийн эсрэг өндөр үр дүнтэй шавхагдсан урантай танкийн сумны асуудлаар байр сууриа илэрхийлж, “барууны орнууд Украин руу 400 танк илгээх бол ОХУ 1600 танк үйлдвэрлэх, тэдгээрээс гурав дахин илүү сум галт хэрэгсэл, арав дахин илүү онгоц фронтод нийлүүлэх чадвартай” хэмээн мэдэгджээ.