Их Британийн цэргийнхэн агаарт буй дроныг өндөр цэцтэйгээр устгах өндөр хүчин чадалтай, шинэ лазерын зэвсгээ нийтэд танилцуулсан байна. Тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдсэнээр өнгөрсөн долоо хоногт энэхүү зэвсэглэлийг хээрийн байрлалд туршиж, агаарын байг амжилттай устгажээ. Луун гал (DragonFire) гэж нэрлэгдэх энэхүү зэвсэг нь өндөр хэмжээний хүчтэй лазерын туяаг алс зайд хүргэх чиглэсэн энергийн зэвсэглэл бөгөөд нарийвчлал нь километрийн зайнаас зоосон мөнгийг устгах хэмжээнд байх аж.
Их Британийн Батлан хамгаалахын сайд Грант Шаппс: Энэ төрлийн сүүлийн үеийн зэвсэглэл нь үнэтэй сум хэрэгсэл шаардахгүйн зэрэгцээ дам хохирол учруулах эрсдэлийг бууруулна гэжээ. Лазерын зэвсгээр 10 секунд буудах нь дулааны халаагчийг нэг цагийн турш халаасантай ижил зардалтай. Өөрөөр хэлбэл, нэг буудалтад нь 10 паунд буюу 40 орчим мянган төгрөгийн зардал гаргах аж. Хэдийгээр уг зэвсэглэлийн алсын тусгалыг нууцалж байгаа хэдий ч цэргийнхэн “үзэгдэх орчинд байгаа ямар ч байнд тусна” гэж мэдэгдэж байна.
Эх сурвалж: https://www.independent.co.uk/tech/laser-weapon-uk-blasts-drones-b2483750.html
Их Британийн Батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологийн лабораторийн тэргүүн Паул Холлиншед эдгээр туршилт нь бидэнд “чиглэсэн энергийн зэвсэглэл” (directed energy weapons)-ийн ямар их боломж, үүний зэрэгцээ аюулыг бий болгож болохыг харууллаа гэсэн байна.
АНУ, Герман, Израйл зэрэг зарим улс лазерын зэвсэглэлийн пуужин, дроны эсрэг ашиглах боломжийг судалж байна. Энэ туршилт нь амиа золиослогч болон сонирхогчдын бүтээсэн төрөл бүрийн дроныг дайны ажиллагаанд улам илүү ашиглах болсон үетэй давхцаж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар лазерын зэвсэглэл нь өнөөдөр пуужин харваж устгаж буй байг илүү нарийвчлалтай, дам хохиролгүй, зардал багатай шийдэх удаан хугацаандаа ач холбогдолтой сонголт гэж үзэж байна. Эдгээр нь байг гэрлийн хурдаар цохиж, бүтцийн хувьд таслан эвдлэх, хэрэв цэнэгт хошуу таарсан бол бүр илүү үр дагавартай хохирлыг учруулах юм байна.