Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр “Төв Ази+АНУ” форматын хүрээнд 2023 оны есдүгээр сарын 19-нд АНУ-ын Ерөнхийлөгч, Төв Азийн орнуудын удирдагчдын анхдугаар дээд хэмжээний уулзалт боллоо.
Эх сурвалж: https://www.laprensalatina.com/biden-meets-central-asian-leaders-to-counter-chinese-russian-influence/
Уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Кыргызстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров, Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердимухамедов, Узбекстаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар оролцож санал бодлоо илэрхийллээ.
Уулзалтаар Төв Азийн орнуудын бүрэн эрхт байдал, тогтвортой хөгжил, стратегийн түншлэл, улс төрийн яриа хэлэлцээ, худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Ялангуяа талуудын эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг онцолж, Америкийн компаниуд Төв Азид уул уурхайн хөрөнгө оруулалт хийх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, боловсруулах үйлдвэр болон бусад салбарыг хөгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Түүнчлэн кибер аюулгүй байдал, терроризм, экстремизм, хууль бус шилжилт хөдөлгөөн, хар тамхины наймаа зэрэг аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх хэтийн төлөвийг хэлэлцлээ.