Саудын Арабын Жидда хотод 2023 оны наймдугаар сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Украины дайныг энхийн замаар зохицуулах яриа хэлэлцээний дээд хэмжээний уулзалтад Европын орнууд, АНУ, Хятад, Энэтхэг, Индонез, Египет, Чили, Замби, Украин зэрэг 40 гаруй орны үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд болон улс төрийн зөвлөхүүд оролцлоо.
Уулзалтад Хятадын Евразийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ли Хуй оролцсон ба уулзалтыг Саудын Арабын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мусаад бин Мохаммед Аль-Айбан даргалан явууллаа. Уулзалтад Оросыг урьж оролцуулаагүй болно.
Уулзалтад оролцогсод Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг хүндэтгэх, НҮБ-ын дүрмийг дээдлэх зарчимд үндэслэх замаар дайны асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж, Киевийн санал болгосон энхийн төлөвлөгөөг судлах ажлын хэсгүүдийг байгуулах, хэлэлцээг цаашид үргэлжлүүлэхээр ярьж тохиролцлоо.
Уулзалтыг зохион байгуулагч Саудын Араб Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, бүх талаар гал зогсоох, НҮБ-ын хяналтан дор энхийн хэлэлцээ эхлүүлэх, дайны олзлогсодыг солилцох зэрэг асуудлуудыг багтаасан шинэ төлөвлөгөөг оролцогч улсуудад танилцуулсан байна. Улмаар энэхүү шинэ төлөвлөгөө болон уулзалтын үр дүнгийн талаар Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд уламжлахаар төлөвлөж байна.
Саудын Араб нь өнгөрсөн оны есдүгээр сард сөргөлдөгч хоёр талын хоригдлуудыг солилцоход гол үүрэг гүйцэтгэсэн, Цагаан ордны газрын тосны олборлолтыг бууруулах хүсэлтийг удаа дараа няцаасан, Москва, Киев, Бээжингийн хооронд удаа дараа зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн зэрэг төвийг сахисан байр суурь нь Украины асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулах таатай нөхцлийг бүрдүүлж байна.
ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябаков уг уулзалтыг “дэлхийн өмнөд бүсийн орнуудаар Киевийн дэглэмийг дэмжүүлэх гэсэн Өрнөдийнхний бүтэлгүй оролдлого” гэж тодорхойлсон байна.
Жиддагийн уулзалт нь зургадугаар сарын сүүлчээр Украины асуудлаар Копенгагенд эхэлсэн хэлэлцээрийн үргэлжлэл бөгөөд Данийн нийслэлд болсон уг уулзалтын үеэр Украин, G7 болон “дэлхийн өмнөд”-ийн орнуудын төлөөлөгчид В.Зеленскийн санал болгосон Украины энх тайвны томъёололыг цаашид хэрэгжүүлэх талаар ярилцсан билээ. В.Зеленскийн томъёололд, ОХУ 1991 оны хилийн дагуу бүх газар нутгийг Украинд шилжүүлэн өгөх, дайны нөхөн төлбөр төлөхийг тусгасан байдаг.
Жиддагийн уулзалт болон В.Зеленскийн энх тайвны томъёололтой холбогдуулан ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев: “Украин улс 1991 он хүртэл хэзээ ч байгаагүй. Украин бол Оросын эзэнт гүрний хэлтэрхий юм. Украин одоо хагас задралын шатандаа орж, нутаг дэвсгэрийнх нь зарим хэсэг Орост буцаж нэгдээд байна. Мөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээрт хоёр талын оролцоог хангах, түүхэн нөхцөл байдлыг харгалзах, одоогийн бодит байдлыг нягтлан үзэх чадвартай зуучлагч л амжилтанд хүрэх боломжтой. Гэсэн хэдий ч одоохондоо хэлэлцээр хийх шаардлагагүй. Дайсан өвдөг дээрээ мөлхөж, өршөөл гуйх ёстой” хэмээн мэдэгдэж байна.
Эх сурвалж: https://www.gazeta.ru/politics/2023/08/06/17381372.shtml