Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдэвт Олон улсын монголч эрдэмтний XII их хурал 2023 оны 8-р сарын 10-нд Төрийн ордонд нээлтээ хийв.
Тус хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ анх 1959 онд зохион байгуулсан Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн их хурлаас үүдэлтэй энэхүү их хурал нь нэгэн жарны түүхтэй бөгөөд хүйтэн дайн, даяарчлал, нийгмийн шилжилт, цар тахал зэрэг түүх нийгэм, улс төрийн янз бүрийн цаг үеийг туулан амжилттай зохион байгуулагдсаар өнөөдөр XII их хурлаа хийж байгаа болохыг онцоллоо.
Тус хуралд 27 орны 500 гаруй эрдэмтэд Чингис хааны музей, МУИС-ийн танхимд 6 салбарт монголын түүх, антропологи, археологи, хэл бичиг, урлаг, утга зохиол, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, соёл уламжлалын чиглэлээр судалгаа шинжилгээнийхээ үр дүнг танилцуулан илтгэл хэлэлцүүлэв.
Өнөөдрийн байдлаар олон улсын хэмжээнд монгол судлалын чиглэлээр дагнан судалгаа шинжилгээ явуулж буй 23 төв, Төв ази, Евроази, Дотоод ази зэрэг судлагдахууны хүрээнд хавсарга судалгааны эрхэлж буй 20 төв, нийт 43 төв, салбар үйл ажиллагаа эрхэлж байна.
“Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн дор болж буй энэ удаагийн их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулж буй. Тус хурал нь “Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монголчууд”, “Монгол хэл, уран зохиолын түүхэн хөгжил, орчин үе”, “Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз”, “Монголын гадаад ертөнц ба харилцаа”, “Монголчуудын соёл: Уламжлал ба шинэчлэл” зэрэг салбар хуралдааныг амжилттай зохион байгуулав. Мөн АНУ, БНСУ, Их Британи, Казахстан, Канад, ОХУ, Польш, Турк, Унгар, Герман, Хятад, Япон, Киргиз, Чех, Австрали, Швейцарь, Тайвань, Норвеги, Итали, Дани зэрэг 20 гаруй орны эрдэмтдийн илтгэлийг хэлэлцэхээс гадна “Залуу монгол судлаач” дэд салбарыг докторын түвшний судлаач нарт бий болгож, судлаачдад илтгэлээ хэлэлцүүлэх боломжийг бүрдүүлэв.
Тус хуралдаад манай хүрээлэнгийн Аюулгүй байдлын эрх зүйн төвийн дарга доктор Ц.Минжин “Монголын гадаад ертөнц ба харилцаа” IV салбар хуралдаанд “Алтан аргамж ба Үндэсний аюулгүй байдал” илтгэлийг амжилттай хэлэлцүүлэхийн зэрэгцээ салбар хуралдааны нарийн бичгээр ажиллав.