Тайваний Ерөнхийлөгчийн болон хууль тогтоох байгууллагын сонгууль 2024 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр болж өндөрлөлөө. Эрх баригч Ардчилсан дэвшилт намын “Бие даасан Тайвань” гэх үзэл санааг баримтлагч Лай Чинь-тэ 5.58 сая иргэний буюу 40.05 хувийн санал авч тэргүүлсэн бол Гоминдан намын “нэгдэхгүй, тусгаар тогтнолоо зарлахгүй, хүч хэрэглэхгүй” бодлогыг баримтлагч Хо Юү-и 4.67 сая иргэний буюу 33.49 хувийн санал, Ардын намын “Тайваний одоогийн статус квог хадгалах” бодлогыг баримтлагч Ко Вэн-же 3.69 сая иргэний буюу 26.46 хувийн санал авч удааллаа.
Тайваний 113 хүний суудалтай хууль тогтоох байгууллагад аль нэг нам дангаараа олонх буюу 57-оос дээш суудал авч чадсангүй. Ардчилсан дэвшилт намын хууль тогтоох байгууллага дахь суудлын тоо дөрвөн жилийн өмнө 63 байсан бол 51 болж буурчээ. Гоминдан намын суудал дөрвөн жилийн өмнө 38 байсан бол 52 болж нэмэгдэн тус байгууллага дахь хамгийн олон гишүүнтэй нам болов. Харин Ардын намын суудлын тоо 5- 8 болж нэмэгдсэн бөгөөд бусад намаас 2 суудал авчээ.
Сонгуулийн дүн гарсны дараа Ардын болон Гоминдан намын хоёр нэр дэвшигч ээлж дараалан ялагдлаа зарлав. Хоу Юү-и ардчилсан сонгууль бол ард түмний шийдвэр юм. Лай Чинь-тэг сонгогдсонд баяр хүргээд ард түмнийхээ хүсэл зоригийг сэтгэлдээ тээн, итгэл найдварыг нь хөсөрдүүлэхгүй байхыг сануулав.
Ко Вэн-же дэмжигчид, сонгогчиддоо талархсанаа илэрхийлээд Тайваньд Ардчилсан дэвшилт нам, Гоминдан намаас өөр үзэл бодолтой нам байдаг гэдгийг мөн ардчилал бол Тайваний хамгийн чухал баялаг байсаар ирснийг бид дэлхий дахинд нотолсон гээд ирэх дөрвөн жилд илүү их хүлээн зөвшөөрөгдөж улс орон, ирээдүйгээ хамгаалах болно хэмээн амлажээ.
Лай Чинь-Тэ “Тайваньчууд ардчиллын талд зогсохыг сонгосон явдал нь энэхүү сонгуулийн дэлхий дахинд үзүүлсэн ач холбогдол боллоо” хэмээгээд, “Ерөнхийлөгчийн сонгуульд Хятадын анхааруулгыг үл харгалзан, Тайваний ард түмэн ардчиллыг сонгож байгаа гэдгийг Хятад ойлгоосой гэж хүсэж байна. Дэлхийн газрын зурагт Тайванийг байлгахын тулд бид ажиллана”.
Ийнхүү тэрээр Хятадын тал Тайваний ард түмэн ардчиллыг дэмжиж буйг ойлгоно гэж итгэж буйгаа илэрхийлээд Хятад, Тайваний тал яриа хэлэлцээний замаар л эрсдэлийг бууруулна, тиймээс хориг саадыг харилцаа холбоо, сөргөлдөөнийг яриа хэлэлцээгээр орлуулж байж л бид энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрч чадна. Зөвхөн энх тайван, тэгш байдал, ардчилал, яриа хэлэлцээ л хоёр талын ард түмний ашиг сонирхолд нийцэх, хамтаар ялах цорын ганц зам хэмээн илэрхийлэв.