Оросын Валдай клубээс Төв Азийн III бага хурлыг Томск хотод энэ сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулж, Стратеги судалгааны хүрээлэнгийн ахлах шинжээч Д.Эрдэнэцогт амжилттай оролцоод ирлээ.[1]
Хурлын зорилго нь Орос-Төв Азийн харилцаа, хамаарал, уялдаа холбоос, аюулгүй байдлын сорилтууд, талуудын ашиг сонирхол, тэргүүлэх чиглэлүүд хувьсан өөрчлөгдөж буй ертөнцтэй хэрхэн нийцэж байгаа эсэхэд шинжээч, мэргэжилтнүүдэд дүн шинжилгээ хийх, хэлэлцэх, хариултыг олох, арга замыг эрэлхийлэх боломжийг олгох явдал байв.
Тус хүрээлэнгийн шинжээч Д.Эрдэнэцогт “Орос-Төв Ази ба Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага” сэдэвт илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ Төв Азийн геостратегийн ач холбогдол, түүнд ОХУ болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-ын гүйцэтгэх үүрэг, өнгөрсөн оны эхээр Казахстанд явуулсан ХАБГБ-ын энхийг сахиулах ажиллагааны эрх зүйн чадамж, ач холбогдол, туршлага сургамжийг багтаасан бөгөөд манай шинжээчийн хуралд тавьсан илтгэлийг өндрөөр үнэлсэн талархлын захидлыг Валдай клубын удирдлагаас өчигдөр ирүүлжээ.
Валдай олон улсын хэлэлцүүлгийн клуб нь 2004 онд байгуулагдсан бөгөөд анхны хурал нь Валдай нуураас холгүй орших Великий Новгород хотод болсон учраас ийнхүү нэрлэгдсэн түүхтэй. Энэ хугацаанд Валдай клубын үйл ажиллагаанд дэлхийн 85 орны олон улсын шинжлэх ухааны нийгэмлэгийн 1000 гаруй төлөөлөгч оролцсон байна. Тухайлбал, Харвард, Колумби, Жоржтаун, Стэнфорд, Каир, Тегеран, Токио, Тель-Авив, Сорбонна, Лондонгийн их сургуулийн профессорууд, дэлхийн нэр хүндтэй улс төрч, шинжээчид, нийгэм, соёлын зүтгэлтнүүд багтаж байна.
Олон улсын хэлэлцүүлэг, мэтгэлцээний талбар болсон Валдай клуб нь улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлуудад мэргэшсэн, бодитой үнэлгээ өгөх, дэлхийн тогтолцооны хямралыг даван туулах шийдлийг боловсруулахад олон улсын харилцаа, улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, эрчим хүч, социологи, харилцаа холбооны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч мэргэжилтэн, шинжээчдийг татан оролцуулдаг ашгийн бус байгууллага юм.
[1] Erdenetsogt Dorjpalam, Russia, Central Asia and CSTO, (17.05.2023) https://valdaiclub.com/a/highlights/russia-central-asia-and-the-csto/