Афганистан-Ираны хилийн бүсэд Талибаны дайчид, Ираны хилийн цэргүүд хооронд буудалцаан тавдугаар сарын 27-нд болж, мөргөлдөөний улмаас ираны хоёр хилчин, талибаны нэг дайчин амиа алдсан байна.
Мөргөлдөөний шалтгаан нь Афганистан-Ираны хил орчмын усны нөөцийн төлөөх тэмцэл бөгөөд Афганистаны уулсаас Ираны Систан муж руу урсдаг гол дээр талибанчууд далан барьж, Ираны нутгийг ган гачигт автуулсан хэмээн Ираны эрх баригчид талибанчуудыг буруутгаж байна.
Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси энэ сарын эхээр “Tалибанчууд Гильменд голын эрэг дээр далан байгуулж, усны урсгалыг өөрчилж байгаа нь 1973 оны гэрээнд харшилж байна” гэсэн бол Ираны Гадаад хэргийн яам “Талибаны засгийн газрыг зөвшөөрөхгүй. Афганистанд хүртээмжтэй Засгийн газар байгуулахыг шаардаж байна” хэмээн тус тус мэдэгдэж байсан.
Энэ удаагийн хилийн мөргөлдөөнийг яг хэн өдөөсөн нь тодорхойгүй, харилцан бие биеэ буруутгасан байдалтай байна. Тухайлбал, Ираны цагдаагийн дэд дарга Касем Резае “Олон улсын хууль тогтоомж, сайн хөршийн найрсаг харилцааг үл тоомсорлон Талибаны арми Сасоли шалган нэвтрүүлэх цэг рүү буудаж эхэлсэн тул хариу үйлдэл үзүүлсэн” гэсэн бол “Ираны арми Афганистаны Нимроз мужийн нутаг дэвсгэр рүү буудсан тул хариу үйлдэл үзүүлсэн” хэмээн Афганистаны Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Абдул Нафи Такор мэдэгдэж байна.
Хилийн буудалцаантай холбогдуулан Талибаны удирдагч Абдулхамид Хорасани “Хэрэв ахмадуудын зөвлөл зөвшөөрвөл ариун дайныг эхлүүлж, авлигад идэгдсэн Иран улсыг байлдан дагуулж, эзлэхэд бэлэн байна” хэмээн мэдэгдэж байна.