ОХУ тив хоорондын шинэ “Сармат” баллистик пуужингийн туршилтыг бүрэн дуусгаж, ирэх сард зэвсэглэлд оруулахаар үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд тус пуужин нь агаарын довтолгооноос хамгаалах системийг даван туулах чадвартай төдийгүй хэт авианы “Авангард” пуужингийн цогцолборыг сансарт гаргах чадалтай.
Ойрын 50 жилд Оросын стратегийн цөмийн зэвсэглэлийн үндсийг бүрдүүлэх үүрэг зориулалттай тав дахь үеийн тив хоорондын цөмийн пуужин “Сармат” буюу “Сатан-2” нь 200 тонн жинтэй, 35 метр урттай, секундэд 7 км хурдтай, 18000 км алсын тусгалтай, тус бүр нь 750 килотонн хүчин чадалтай арван цөмийн цэнэгт байлдааны хошуу тээх чадалтай.
Өмнөх Сатан-1 буюу РС36 пуужингийн хөдөлгүүр, эд ангийг Украинд үйлдвэрлэж байснаас шалтгаалж, шинэ хөдөлгүүрт суурилсан шинэ загварын “Сармат” пуужинг сүүлийн арваад жилийн хугацаанд зохион бүтээж, энэ онд багтаан зэвсэглэлд оруулахаар үйлдвэрлэж эхлээд байна.
ОХУ “Сармат” пуужинг Красноярскад үйлдвэрлэж, тус хязгаарын Ужур суурины 62 дугаар пуужингийн дивиз, Оренбург мужийн Ясное суурины 13 дугаар пуужингийн дивизийг эхний ээлжид зэвсэглэж, 2025 он гэхэд Стратегийн цөмийн хүчнээ “Сармат” пуужингаар бүрэн зэвсэглэж, дуусгах төлөвлөгөөтэй аж.
Сарматын тусламжтай сансарт хөөргөх “Авангард” хэт авианы пуужингийн цогцолбор нь 27 мах буюу секундэд 9 орчим км хурдтай, өндөр маневрлах чадвартай, одоо байгаа пуужингийн болон агаарын довтолгооноос хамгаалах системийг нэвтлэх чадвартай.
“Сармат” пуужингийн анхны туршилтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 20-нд хийж, Плесецкийн сансрын буудлаас хөөргөсөн тус пуужин Камчаткийн Курагийн сургалтын талбайн байг оносон бөгөөд хоёр дахь туршилтыг мөн саяхан 11 дүгээр сарын 18-нд амжилттай хийсэн.