АНУ, БНСУ-ын цэргийн албан ёсны төлөөлөгчид “АНУ, БНСУ-ын “Эрх чөлөөний бамбай” цэргийн хамтарсан сургуулилтыг энэ сарын 4-14-ний өдрүүдэд үргэлжилнэ” гэж мэдэгдлээ. Энэхүү цэргийн хамтарсан сургуулилт нь Пхеньян-Сөүлийн хооронд 2018 онд байгуулсан гэрээг өнгөрсөн оны 11 дүгээр сард хүчингүй болгосноос хойш болж буйгаараа онцлогтой бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.
Эх сурвалж: www.reuters.com
“Энэ удаагийн цэргийн хамтарсан сургуулилт нь сүүлийн үед болсон зөрчлүүдээс хийсэн дүгнэлтэд тулгуурласан; бодитой, хатуу чанд болно” гэж хоёр улсын цэргийн албан ёсны төлөөлөгчид мэдэгдэж байна. Мөн БНСУ-ын Жанжин Штабын хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Ли Сун Жун “Цэргийн хамтарсан сургуулилтад өнгөрсөн жил хамрагдсан бүрэлдэхүүнээс хоёр дахин олон бие бүрэлдэхүүн оролцож, агаараас цохилт өгөх, Пхеньяны цөмийн хошуу тээх чадвартай гэх далавчит пуужингуудыг таньж тогтоох, устгах зэрэг ажиллагаа багтана” гэж мэдэгдсэн байна. Хурандаа Ли Сун Жун-гийн мэдэгдэж байгаагаар хоёр улс нь Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн аюулын эсрэг хамтарсан хариу цохилт өгөх үзэл баримтлал хөгжүүлж байгаа бөгөөд ирээдүйд ашиглаж болох цөмийн зэвсгийг тогтоон барих, урьдчилан сэргийлэхэд цэргийн хамтарсан сургуулилтын зорилго чиглэх ажээ.
Хойд Солонгосын зүгээс холбоотнуудын энэхүү цэргийн хамтарсан сургуулилтыг цөмийн дайны дадлага сургуулилт хэмээн нэрлэж, хурцадмал байдлыг сэдрээж байгаад хоёр улсыг буруутгасан байна.