Японы Ерөнхий сайд Фумио Кишида болон Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон нар 2022 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр цахимаар уулзалт хийж Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Хоёр тал гэрээний төслийн талаар багагүй хугацаанд санал солилцсон бөгөөд Япон улсын хувьд АНУ-аас өөр улс оронтой цэргийн хамтын ажиллагааны чиглэлээр байгуулж буй анхны гэрээ юм.
“Reciprocal Access Agreement” буюу “Харилцан нэвтрэлцэх гэрээ”-ний агуулга нь юуны түрүүнд хоёр талын цэргийн алба хаагч, зэвсэглэл техник оролцсон цэргийн болон гамшигтай тэмцэх чиглэлийн хамтарсан сургууль дадлагуудад өөрсдийн нутагт зохион байгуулахад тулгардаг байсан хууль эрх зүйн саад бэрхшээлийг арилгахад оршиж байгаа ажээ. Гэрээний гол ач холбогдол нь мөн л Номхон далайн бүс нутагт өсөн нэмэгдэж буй Хятадын аюулын эсрэг чиглэгдсэн гэж судлаачид үзэж байна. Япон улс БНХАУ-тай газар нутгийн маргаантайгаас гадна Тайванийн асуудалд АНУ-ын нэгэн адил байр суурь баримталдаг.
Австралийн хувьд АНУ-ын Номхон далай дахь хамгийн ойрын цэргийн холбоотон болсноор сүүлийн жилүүдэд Хятадтай харилцаа нь эрс муудаад байгаа юм.
Хятадын талаас уг гэрээний асуудлаар албан ёсны ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна.