Энэ цаг үед Казахстанд, магадгүй тус улсын түүхэнд хамгийн том, далайцтайд тооцогдох төр засгаа эсэргүүцсэн иргэдийн эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа ба зарим муж, хотуудад нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсээд байна. Казахстаны баруун бүс болох Мангистау мужийн Жанаозен хотод 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр болсон шингэрүүлсэн хийн үнэ нэмэгдсэнийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал өргөжин тэлсээр 01 дүгээр сарын 06-ны байдлаар тус улсын бараг бүх бүс нутгийг хамраад байв. Каспийн тэнгисийн эрэг дээрх Актау хот, Орал, Шымкент, Актобе, Алматы, Нур-Султан, Костанай, Караганда, Талдыкорган, Тараз зэрэг улс төр, эдийн засгийн гол төвүүдэд нь “Жанаөзеныг дэмжих” жагсаал өрнөж байгаагаас Алматы хотод байдал хамгийн түгшүүртэй байна.
Мягмар гараг буюу 01 дүгээр сарын 04-нд Токаев зарим бүс нутагт хэсэгчлэн хоёр долоо хоногийн турш онц байдал зарлаад байсан бол 05-ны өдрөөс орон даяар болгон өргөжүүлсэн.
Нэг. Шалтаг, шалтгаан нь юу байв?
Шалтгаан нь тус улсын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал байсан болов уу. Асуудлыг жаахан өмнөөс сөхөн үзье. Урт хугацааны турш баялагийн тэгш бус хуваарилалт, авлига, шударга бус байдал, эдийн засгийн хүндрэл, ажилгүйдэл, ядуурал, хүний эрхийн зөрчил зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд тул улсад оршсоор байв. Тиймээс хэзээ нэгэн цагт өнөөдрийнх шиг асуудал үүсэхийг экс Ерөнхийлөгч мэдэрч байсан уу гэлтэй 2020 онд болох байсан Ерөнхийлөгчийн сонгуулийг урагшлуулан 2019 оны эхээр явуулах санаачилгыг тухайн үед гаргаж байв. Гэтэл тэрээр сонгуулийг ч хүлээлгүй, нөхцөл байдлыг тэс өөрөөр эргүүлсэн. Н.Назарбаев Ерөнхийлөгчийн суудлаас өөрийн хүсэлтээр бууж, ойрын хүрээллийн хүн болох К.Токаевт эрх мэдлээ шилжүүлсэн. Энэ шийдвэрийн шалтгааныг олон улсын төдийгүй дотоодынх нь судлаач, ажиглагч нар дараах байдлаар таамаглаж байв. Үүнд:
- Олон улсад тухайн үед үүсээд байсан зарим нэг нөхцөлийг тооцоолсон. Нэг хүн удаан хугацаагаар засаглаж байсан Алжирын улс төрд тэр цагт бий болсон ээдрээтэй нөхцөл байдлыг энд хэлж байна. Тав дахь удаагаа дахин сонгогдох гэсэн түүнийг эсэргүүцсэн Алжирийн иргэдийн эсэргүүцэл Назарбаевт нөлөөлсөн байж болох юм.
- Элитүүдийн дотоод зөрчил илэрхий ажиглагдах болж, боломжит залгамжлагч нарын үйл ажиллагаа идэвхжиж эхэлсэн. Назарбаев хэдийгээр тухайн үедээ тойрон хүрээлэгч түшмэд, бүлэглэлүүдийг харьцангуй хянаж чадаж байсан ч хугацаа өнгөрөх тусам шинээр хүчирхэг болж буй улс төр дэх ил, далд бүлэглэлийн өрсөлдөөн ширүүсч болзошгүй байдал мэдрэгдэж байсан аж.
- Гадаад нөхцөл байдал тогтворгүй болж байгаагаас үүдэж, болзошгүй аюул нэмэгдэж магадгүй байсан. Казахстан нь Оросын хамгийн ойрын улс төр, цэрэг, эдийн засгийн түнш хэдий боловч АНУ тэргүүтэй өрнөдийнхний хувьд Төв Ази, цаашлаад Афганистаны талаарх бодлогынх нь “түшиц” болох учраас их гүрнүүдийн сөргөлдөөн дэгдэхэд хүрвэл нэлээдгүй эрсдэл үүрч магадгүй нөхцөл байгааг Казахстаны эрх баригчид тооцоолсон байж.
- Өмнө дурдсан нийгэм, эдийн засгийн олон асуудлуудаас үүдэн иргэдийн эсэргүүцэл дэгдэж, төр засаг нь легетим шинжээ алдан, дотоодод нь тогтворгүй байдал үүсэх эрсдэлийг олж харсан.
- Сүүлийн хоёр жилийн турш эрх мэдлээ шилжүүлэхэд бэлтгэж, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулсан. Ингэснээр анхны Ерөнхийлөгчийн бүрэн эрх, халдашгүй байдлыг дархалж, Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Үндэсний баялагийн сангийн удирдлагын байр сууриндаа хангалттай эрх мэдэлтэй хэвээр үлдэж байгаа болохоор эдийн засаг, нийгэм улс төрийн хувьд өдөр тутам шийдвэрлэж байх олон асуудлаас өөрийгөө чөлөөлсөн зэрэг таамгуудыг дэвшүүлж байсан.
Таамгийн дагуу улс оронд үүсч болзошгүй байсан тогтворгүй байдал цар тахлын нөлөөгөөр хэсэг “удааширсан” болов уу. Цар тахал Казахстаны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд ихээхэн нөлөөлсөн. Ялангуяа үүний эсрэг авч хэрэгжүүлсэн хөл хорио, хүний эрхийн хязгаарлалт, эрх баригчдын гаргасан оновчтой бус шийдвэрүүдийн улмаас эдийн засгийн салбар таамаглаагүй сорилтуудтай тулгарч, нөлөөлөл нь иргэдийн амьжиргаа, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд хүндхэн туссан.
Цар тахлын хөл хорионы үеэс өнөө өрнөж буй үйл явцын шалтаг болоод буй байгалийн хийн үнийн асуудлаарх маргаан үүссэн байдаг. Тухайн үед тахлын дэгдэлтийг бууруулахын тулд хөл хорьсон ба дараа нь энэхүү дэглэмээ сулруулсантай холбогдуулан шингэрүүлсэн хийн үнийн дээд хязгаарыг улсаас зохицуулан тогтоосон байснаа цуцалсан юм. Казахстан улс шингэрүүлсэн хийн үнийг 2020 оны хавар буюу цар тахлын эхэн үеэс эхлэн зохицуулж, шатахуун түгээх станцууд дахь жижиглэнгийн үнийн дээд хязгаарыг түр хугацаагаар улсаас тогтоон, компаниудын хүлээх алдагдалд татаас өгч байсан билээ. Тухайн үед зарим эдийн засагч, шинжээчдийнх нь зүгээс энэ үйл явцыг сайтар ажиглаж байсан бөгөөд цаашид үнийн зохицуулалтыг цуцалсны дараа хийн үнэ өсөх магадлалтай тул үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх вий хэмээн болгоомжилж байв. Эрчим хүчний яамнаас нь мэдээлснээр Казахстаны бизнес эрхлэгчид хийн үнийн зохицуулалтын хугацаатай холбогдуулан төрийн байгууллагуудад удаа дараа хандаж байжээ. Зохицуулалтын хугацааг сунгасан тохиолдолд бизнес эрхлэгчид ажиллагсдынхаа орон тоог цомхтгоход хүрэх тухайгаа ч илэрхийлж байв. Гэвч бизнес эрхлэгчид, судлаачдынхаа үгийг эрх баригч, шийдвэр гаргагчид нь төдийлөн анхаарч үзсэнгүй.
Түүнчлэн зөвхөн байгалийн хий төдийгүй COVID-19-ийн улмаас учирсан сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн эдийн засаг, нийгмийн хөтөлбөрүүд нь боловсруулалт муутай, түүхий байгааг мэргэжилтнүүд сануулж байв. Эдгээрийг засч залруулахгүй бол Казахстаны бүс нутагтаа тэргүүлэгч, хөгжил цэцэглэлтийн түүчээ гэсэн үзэл суртал сорилттой тулгарч, дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн уналт, COVID-19-ийн тархалт зэрэг хүчин зүйлийн улмаас өсөн нэмэгдэж буй ажилгүйдэл, ядуурал зэрэг асуудал нь нийгмийн тогтворгүй байдалд хөтөлж, жирийн иргэд, төр засгийн хоорондын харилцааны тогтсон бүтцэд нөлөөлж болзошгүйг анхааруулж байжээ.
Хоёр. Эрх баригчдын хариу үйлдэл асуудлын шийдэл байж чадахгүй байна
Анх байгалийн хийн үнийн өсөлтийг эсэргүүцэн жагссан иргэдийн шаардлагын дагуу эрх баригчид шингэрүүлсэн хийн литр тутмын үнийг бууруулахаар шийдвэрлэсэн ч жагсагчид үргэлжлүүлэн улс төрийн шаардлага тавьж эхэлсэн. Эдгээр шаардлага нь:
- Улс төрийн бүх хоригдлуудыг нэн даруй суллах;
- Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч, Аюулгүйн Зөвлөлийн дарга, Засгийн газар, Парламентыг бүрэн огцруулах;
- Улс төрийн шинэчлэл хийх буюу Казахстан дахь эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдын манлайлагч, олон нийт, иргэдээс бүрдсэн Түр засгийн газар байгуулах;
- Чөлөөт сонгууль явуулах;
- Ардчиллын үнэт зүйлсийг чанд сахих, хүний эрхийг дээдлэх;
Шаардлагыг ээлж дараалан биелүүлэн, иргэдийн эсэргүүцлийг намжаах чиглэлд эрх баригчдын зүгээс олон арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Үүссэн нөхцөл байдлын шалтгаан болох ард түмний амьжиргаа, эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэхээс гадна шалтаг болсон үзэгдэл болох хийн үнийн өсөлтийн мөн чанар, хүчин зүйлсийг олж тогтоон, Ерөнхийлөгч нь шууд хяналтад авч, шийдвэрлэхээр болоод байна.
Ерөнхийлөгч К.Токаев иргэддээ хандаж хэлсэн үгэндээ “Дотоод болон гаднаас гарч буй бүх төрлийн худал мэдээлэлд итгэж, үймээн дэгдээж буй бүлгийн үйл ажиллагаа, ухуулгыг дагаж биш, ухаалаг шийдвэр гарган тайван байхыг уриалж байна. Одоо хотын нөхцөл байдал хяналтад байна. Өдөөн хатгагчид болон террористуудыг саатуулж байна. Босогчдыг илрүүлж байна” хэмээн онцлохдоо “террорист, өдөөн хатгагч” гэж хэнийг хэлж байгаагаа тодорхой хэлээгүй байна. Тэрээр улс орны нийгэм-улс төр, эдийн засгийн хүнд нөхцөл байдлын буруутнаар Засгийн газар, тэр дундаа Эрчим хүчний яам, мөн КазМунайГаз, Казахгаз компаниудыг нэрлэсэн. Мөн өнгөрсөн оны 06 дугаар сард Мангистау мужид хийн боловсруулах үйлдвэрийг түшиглэн шинэ шингэрүүлсэн хийн үйлдвэр барихыг даалгасан ажлынхаа хэрэгжилтийн явцын удаашралтай байгааг шүүмжилсэн юм. “Одоогоор төслийн зөвхөн ТЭЗҮ-ийг боловсруулаад байгаа ба санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй байна. Шингэрүүлсэн хий түгээх, борлуулах журмыг боловсруулаагүй, цахим худалдаанд үнийн өсөлтийг хязгаарлах механизмыг бүрдүүлээгүй байна” гэх зэргээр шүүмжлээд цаашид эрчим хүчний салбарыг шинэчлэх шаардлагатайг онцолсон.
Тэрээр мөн улс оронд нь үүсээд буй өнөөгийн байдлыг тогтворжуулах талаар авах арга хэмжээгээ танилцуулсан. “Юуны өмнө би Мангистау муж болон Засгийн газрын түр комиссоос санал болгож буй цогц арга хэмжээг баталж байна. Хоёрдугаарт, Бизнесийн тухай хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу шингэрүүлсэн хийн үнэнд 180 хоногийн хугацаанд үнийн түр зохицуулалт хийхийг монополийн эсрэг байгууллагад даалгаж байна. Бүс нутгийн хүн амын хэрэглэх шингэрүүлсэн хийн үнэ өнгөрсөн оны эцсийн үнийн түвшингээс хэтрэхгүй байх ёстой. Гуравдугаарт, шингэрүүлсэн хийг цахим арилжааны платформ, биржээр дамжуулан борлуулахад бүрэн шилжих ажлыг нэг жилээр хойшлуулахыг Засгийн газарт даалгая. Энэ шатанд зохицуулалтын тогтолцоог сайтар боловсронгуй болгох, арилжааны платформуудын ил тод байдлыг хангах, үнийн огцом өсөлтийг хязгаарлах механизмыг нэвтрүүлэх шаардлагатай байна. Дөрөвдүгээрт, Улсын Ерөнхий прокурорын газар, Өрсөлдөөнийг хамгаалах газартай хамтран үнэ тохиролцсон болон бусад өрсөлдөөнийг зөрчсөн үйлдлүүдэд шалгалт хийхийг даалгаж байна” хэмээн холбогдох байгууллагуудад К.Токаев үүрэг болгов. Харин тэрээр улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдөхгүй гэдгийг онцгойлон тэмдэглэсэн. Чингэхдээ нэгдмэл байж, хууль, өмчийн эрхийг дээдлэх, зах зээлийн эдийн засагтай байхыг Казахстаны төрийн бодлогын үндсэн зарчим хэвээр байхыг онцолсон юм. Түүнчлэн Ерөнхийлөгч К.Токаев нийгэм, эдийн засгийн байдлыг тогтворжуулах талаар хэд хэдэн нэмэлт үүрэг даалгавар өглөө.
- Нийгмийн ач холбогдол бүхий хүнсний бүтээгдэхүүний үнэд төрийн зохицуулалтыг нэвтрүүлэх. Шийдвэрийг тухайн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн байдлаас хамааран бүс нутгийн захирагч нар гаргадаг болох;
- “Иргэдийн дампуурлын тухай” хуулийг боловсруулж эхлэх;
- Хүн амын хэрэглээний үйлчилгээний тарифыг нэмэгдүүлэхийг 180 хоногоор түдгэлзүүлэх;
- Эмзэг бүлгийн иргэдэд зах зээл дээр байр түрээслэхэд улсаас татаас олгох;
- Эрүүл мэнд, хүүхдийн асуудлыг шийдвэрлэх “Казахстаны ард түмэнд” олон нийтийн сан байгуулах, түүнийг төрийн болон хувийн эх үүсвэрээр санхүүжүүлэхийг даалгав.
Түүнчлэн иргэдийн шаардсан улс төрийн шинэчлэлийн тухайд, ямар ч үед Казахстаны Ерөнхийлөгч нийслэлийг орхиж явахгүй гэдгээ К.Токаев ард түмэндээ хандан хэллээ. Тэрээр мөн Аюулгүйн зөвлөлийн тэргүүний албыг Назарбаеваас авсан ба Аюулгүйн зөвлөлийн даргын хувьд тэрээр одоо илүү хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв. Ойрын хугацаанд Казахстаны улс төрийн өөрчлөлтийн талаарх саналаа танилцуулах аж.
Гурав. “Шал, кет” уриа ба бүс нутгийн улсуудын болгоомжлол
Жагсаалын үеэр жагсагчдын барьсан лоозонгууд дотор “Шал, кет” буюу “Өвгөн зайл” гэсэн уриа барьсан харагдах нь ихээхэн танил дүр зураг юм. Сүүлийн үеийн бүхий л жагсаал цуглаануудад жагсагчид Нурсултан Назарбаевыг улс төрөөс нэг мөр явахыг шаардаж энэхүү уриаг барин жагсах болсон. Өмнө нь 2011 оны 12 сард мөн Жанаозенд болсон уурхайчдын ажил хаялтаар эхэлсэн жагсаал, 2020 оны 02 сард Алматыд болсон сөрөг хүчнийхний эсэргүүцлийн ажиллагаа, 2016 оны 06 сард болсон газрын асуудлаар эрх баригчдын гаргасан шийдвэрийн эсрэг жагсаал, 2014 оны 02 сард болсон тенгений девальвацийг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөн зэрэг томоохонд тооцогдох жагсаал цуглаануудын гол уриа нь энэ үг байсаар ирсэн нь ямар ч зорилготой эхэлсэн жагсаал байсан яваандаа дэглэмийн эсрэг болж хувирдгийг илтгэж байна.
Дашрамд дурдахад, дурдсан жагсаал цуглаануудаас үзвэл, голдуу өвлийн улиралд Казахстанд иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн идэвхэждэг нь харагдаж байна. Эдийн засгийн хүндрэл, өргөн хэрэглээний барааны болон инфляцийн өсөлт, шатахуун, түлшний өсөлт зэрэг нь өвөл болоод ирэхээр иргэдийн амьжиргаанд бодитой нөлөө үзүүлж байгаа нь мэдрэгддэгтэй энэ нь холбоотой болохыг шинжээчид онцолж байна.
Бүс нутгийн бусад улсууд Казахстаны байдлыг сайтар ажиглаж байгаа ба хөрш улсууддаа халдварлан тархах вий хэмээн ихээхэн болгоомжилж байгаа талаар хэвлэлүүд нь мэдээлж байна. Кыргызстаны “Антитеррор-Альфа” ахмад дайчдын олон нийтийн холбооны тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны даргын нэгдүгээр орлогч сайд асан Артур Медетбеков Казахстанд засгийн газрыг огцруулж, шатахууны үнийг бууруулсан нь асуудлыг шийдвэрлэж буй хэрэг биш бөгөөд, галыг намжаахгүй, Казахстанд болж буй үйл явдал эцэстээ авторитар, тоталитар дэглэмийн эсрэг нийгмийн хөдөлгөөн болохыг онцлов. Бүс нутгийн улсуудын томоохон хөрш болох Хятадын тухайд, аюулгүй байдлынх нь нэг эмзэг цэг болох баруун бүс нутаг Шинжааны тогтвортой байдалд Төв Азийн зүгээс үзүүлэх нөлөөг ихээхэн чухалчилдаг тул Казахстанд үүсээд буй нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа нь дамжиггүй. “Казахстан дотооддоо асуудлаа бие даан шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд тус улсын байдал аль болох хурдан тогтворжиж, нийгмийн хэв журам тогтоно гэж итгэж байна” хэмээн Гадаад хэргийн яамных нь хэвлэлийн төлөөлөгчийн мэдээнд дурджээ.
Эх сурвалж:
- “Назарбаев высказался о досрочных выборах президента и своём обращении в КС”., https://forbes.kz/process/nazarbaev_vyiskazalsya_o_dosrochnyih_vyiborah_prezidenta_i_obraschenii_v_ks/
- “Почему Назарбаев ушел и что это значит для страны? Эксперты об отставке президента Казахстана”., https://www.bbc.com/russian/features-47628102
- https://t.me/s/nexta_live
- “China says hopes Kazakh situation to stabilize soon”., http://en.people.cn/n3/2022/0106/c90000-9941750.html