Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-ын Казахстанд явуулсан Энхийг сахиулах ажиллагаа нь анх удаа бодит нөхцөлд өрнөсөн, богино цаг хугацаанд амжилттай явагдаж дууссанаараа онцлог байв.
ХАБГБ-ын Энхийг сахиулах Мандатын үндсэн зорилго нь Казахстанд нөхцөл байдлыг тогтворжуулж, төрт хууль ёсыг хэвийн дэг журманд оруулах явдал байсан бол хамтарсан хүчинд тавигдсан үүрэг нь Казахстан улсын засгийн газрын хүчинд тусалж, цэргийн болон төрийн хамгийн чухал объектуудыг хамгаалалтандаа авах явдал байсан. Казахстан дахь ХАБГБ-ын энхийг сахиулагчдыг ОХУ-ын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний командлагч, хурандаа генерал Андрей Сердюков удирдаж, Оросын цэргийн тээврийн 75 нэгж Ил-76, Ан-124 онгоцнуудаар гурав хоног тасралтгүй тээвэрлэж дэлгэн байрлуулсан.
Тус Энхийг сахиулах ажиллагааны үндсэн хүч хэрэгсэл нь хамтарсан хүчний 2000 гаруй цэргүүд, 75 нэгж ИЛ-76, АН-124 онгоц, 250 нэгж байлдааны машин техник байв.
Тус ажиллагаанд Оросын цэргүүд Нур-Султан, Алма-Ата хотын нисэх онгоцны буудлууд, телевизийн болон цахилгаан холбооны төвүүд, ус хангамжийн сувгийг хамгаалах үүрэг гүйцэтгэсэн.
Беларусийн цэргүүд Алма-Ата хотоос зүүн хойд зүгт 60 км-т орших Жетыген цэргийн нисэх онгоцны буудал, Капшагай хотод байрлах зэвсгийн агуулахыг хамгаалах үүрэг гүйцэтгэсэн.
Тажикстаны цэргүүд Алма-Ата хотын нэгдүгээр Дулааны цахилгаан станцыг, Кыргызстаны цэргүүд хоёрдугаар Дулааны цахилгаан станцыг, Арменийн цэргүүд Алма-Ата хотын Аксай талхны үйлдвэрийг хамгаалсан.
Хариуцуулсан объектын хамгаалалтыг гурван ээлжээр харуулын пост хэлбэрээр явганаар болон техникээр зохион байгуулснаас гадна 24 цагийн турш агаарын дрон, нисэгчгүй хэрэгслээр хяналтыг давхар явуулжээ.
ХАБГБ-ын энхийг сахиулагчид төр улсын цэргийн хамгийн чухал объектуудыг хамгаалалтад авснаар Казахстаны хууль хүчний байгууллагуудад богино хугацаанд босогч, жагсагч, террористуудыг саармагжуулах боломж олгосон.
Казахстан дахь ХАБГБ-ын Энхийг сахиулах хүчний Нэгдсэн штабыг Алма-Ата дахь Хуурай замын хүчний цэргийн дээд сургууль дээр байрлуулж, цэргийн ажиллагааны ар талын хангалтыг тус улсын засгийн газартай хамтран зохион байгуулж цэргүүдийг өдрийн гурван удаагийн халуун хоол, байр сууц, халуун усаар хангасан байна.
Казахстан дахь хамтарсан хүчин үндсэн үүргээ гүйцэтгэж дууссантай холбогдуулан нэгдүгээр сарын 11-нд Казахстаны Ерөнхийлөгч Ж.Токаев Энхийг сахиулах хамтарсан хүчнийг Казахстаны нутаг дэвсгэрээс үе шаттайгаар гаргах болсон тухай мэдэгдсэнээр, нэгдүгээр сарын 13-наас эхлэн хамтарсан хүчин хамгаалалтын объектуудаа Казахстаны талд шилжүүлэн өгч, Оросын Агаар сансрын хүчний цэргийн тээврийн онгоцнуудаар үндсэндээ буцаж дууссан байна.
2002 онд байгуулагдсан Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага нь 20 жилийнхээ ойн босгон дээрээ анх удаа бодит байдал дээр хамтарсан хүчнийг гишүүн улсын нутагт оруулж, цэргийн ажиллагаа явууллаа.
ХАБГБ нь сүүлийн 15 жилийн хугацаанд жил бүр энхийг сахиулах, терроризмтой тэмцэх хамтарсан хүчний хээрийн сургуулилтыг зохион байгуулж ирсэн нь тодорхой үр дүнгээ өгчээ.
Ялангуяа хамтарсан хүчнийг агаараар шилжүүлэх ажлыг хамгийн богино хугацаанд хийж, нисэх онгоцны буудлууд, дулааны цахилгаан станцууд, телевизийн төвүүд, ус шахах станцууд, цэргийн агуулахууд зэрэг 14 объектыг хамгаалалтад авсан нь өвлийн улиралд томоохон хотуудын аюулгүй байдлыг хангах, ус, талх цахилгаан, хий зэргээр ард иргэдийн амьдралын хэвийн үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой байсан. Объектын хамгаалалтад нисэгчгүй хэрэгсэл, дрон, цэргийн удирдлагын автоматжуулсан (АСУВ) систем ашигласан нь энэхүү цэргийн ажиллагааны онцлог байв. Тухайлбал, агаарын тагнуулын дөрвөн бүсэд нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслээр бүтэн хоногийн турш нөхцөл байдлыг хянаж, мэдээ, үр дүнг хөдөлгөөнт командын цэгүүдэд, бодит цаг хугацаанд хүлээн авч боловсруулж байсан нь дарга захирагчийн шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой байв.
Хамтарсан хүчний анхны нисэх онгоцыг буулгасан болон үндсэн хүчнийг үргэлжлүүлэн хүлээн авсан Алма-Ата хотоос 50 км зайд орших стратегийн ач холбогдол бүхий Жетыген цэргийн нисэх онгоцны буудалд өнгөрсөн онд адилхан хувилбараар Энхийг сахиулах ажиллагааны дадлага сургуулилт хийж байсан нь үр дүнгээ өгсөн.
Хамтарсан хүчний Арменийн цэргийн багын бүрэлдэхүүнд эмэгтэй цэргийн албан хаагчид оролцсон нь тус ажиллагааны бас нэг онцлог байв.
Өөр нэг онцлог сургамж бол энхийг сахиулах хүчнийг шилжүүлэн дэлгээд буцах хоосон онгоцоор олон хоног онгоц буудлуудад саатсан Оросын болон гадаадын 2241 иргэнийг Казахстан улсаас Москвад хүргэсэн нь хүмүүнлэгийн ажиллагааны шинжтэй байсан.
Цэргийн ажиллагааны үеэр цаг агаарын нөхцөл таагүй, үүлэрхэг, үзэгдэх орчин хязгаарлагдмал, уулархаг бүс байсан ч онгоцны багийнхан онцгой ур чадвар гарган осол авааргүй, мэргэжлийн буулт, хөөрөлтүүдийг амжилттай хийсэн.
ХАБГБ нь Казахстаны нутаг дэвсгэрт энхийг сахиулах ажиллагаа явуулах шийдвэрээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хельга Шмид, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Норов нарт яаралтай мэдэгдэж, АНУ-ын Засгийн газарт албан ёсны тайлбар хүргүүлсэн нь тус ажиллагааг олон улсын эрх зүйн бүрэн чадамжтай болгосон. Хамтарсан хүчнийг ОХУ-ын Агаарын цэргийн хүчний командлагч, хурандаа генерал Андрей Сердюков удирдаж, түүний үндсэн хүчин Балкан, Африк, Сири, Крымийн ажиллагаанд оролцож байсан туршлага нь тус ажиллагаа амжилттай явагдах нэг үндэс болжээ.