АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден уламжлал ёсоор Конгрессын хоёр танхимын нэгдсэн хуралдаанд энэ сарын 07-ны өдөр мэдээлэл хийлээ. Ж.Байдены хувьд дөрөв дэх удаагийн энэхүү мэдээлэл (State of the Union Address) нь энэ оны 11 дүгээр сарын 05-ны өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх намын сунгаанд Ж.Байден, Д.Трамп нар намуудаасаа өрсөлдөх нь нэгэнт тодорхой болж буй мөчид хийж байгаагаараа онцлог болж байна. 

АНУ-ын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч нь жил бүрийн эхний улиралд улс орны төсөв, эдийн засаг, аюулгүй байдал, өөрийн баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар ард түмэндээ хандан Конгрессын хоёр танхимд мэдээлэл хийдэг уламжлалтай.

Ерөнхийлөгч Ж.Байдены мэдээлэл энэ жил болох сонгуулийн үйл ажиллагаанд чиглэсэн, Бүгд найрамдах нам, түүнээс нэр дэвшигчийг шүүмжилсэн, өөрийн ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд олсон ололт, амжилтыг дурдсан агуулгатай байлаа. Ж.Байдены энэ удаагийн мэдээллийг телевизээр шууд дамжуулснаар 32 сая Америкчууд үзсэн байна.

Ерөнхийлөгч Ж.Байден өнгөрсөн Пүрэв гарагт АНУ-ын Конгрессын нэгдсэн хуралдаанд жил тутмын мэдээлэл хийж буй нь. Эх сурвалж: https://www.npr.org/2024/03/08/1236782758/state-of-the-union-address-biden-trump

Ирэх 11 сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Ж.Байден, Ерөнхийлөгч асан Д.Трамп нар өрсөлдөх нь үндсэндээ тодорхой болоод байна. Өнөөдрийн байдлаар сонгуулийн өмнөх сунгаандаа Д.Трамп намаасаа дэвшихэд шаардлагатай 1076 төлөөлөгчийн саналыг авсан бөгөөд 139-г нэмж авснаар БНН-аас нэр дэвшигчээ баталгаажуулах юм. Харин Ж.Байдены хувьд одоогоор 1859 төлөөлөгчдийн саналыг аваад байгаа бөгөөд 109-ийг нэмж авснаар Ардчилсан намаас нэр дэвших эрхээ баталгаажуулна.[1]

АНУ-д явуулсан хамгийн сүүлийн санал асуулгаар[2] Д.Трамп 46, Ж.Байден 45  хувийн санал авсан нь нэр дэвшигчдийн өрсөлдөөн ойролцоо хэмжээнд байгааг илэрхийлж байна. 


[1] https://www.bbc.com/news/world-us-canada-68525960

[2] https://www.reuters.com/world/us/americans-dismayed-by-biden-trump-2024-rematch-reutersipsos-poll-finds-2024-01-25/

Similar Posts