Орос, Украины төлөөлөгчдийн гал зогсоох боломжийн талаарх анхны хэлэлцээг Даваа гарагт Беларусь-Украины хилийн Гомель мужид явуулж, таван цаг үргэлжилсний дараа өндөрлөлөө. ОХУ-ын төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ахалж, Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, Беларусь улсад суугаа Элчин сайд Борис Грызлов, Төрийн Думын Олон улсын хорооны тэргүүн Леонид Слуцкий, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин нар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Украины талаас Батлан хамгаалахын сайд Алексей Резников, Украины Дээд Рада дахь “Ардын зарц” бүлгийн дарга Давид Арахамия, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михайло Подоляк нар оролцлоо.

Хэлэлцээ Москвагийн цагаар Даваа гарагийн 14 цагийн орчим эхэлж, хэлэлцээг нээж Беларусийн Гадаад хэргийн сайд Владимир Макей үг хэлж, Беларусийн тал хэлэлцээнд оролцогч бүх хүний аюулгүй байдлын баталгааг хангахаа амлалаа.
Хэлэлцээнд Украины тал гал зогсоох, Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргахыг Оросын талд тавьсан бол Оросын тал Киевд төвийг сахисан статусаа баталгаажуулж, Крымийн асуудлыг хүлээн зөвшөөрөх шаардлага тавьжээ. Одоогийн байдлаар хоёр тал асуудлыг удирдлагуудтайгаа зөвлөлдөхөөр тус тусын нийслэл рүүгээ буцсан ба ойрын өдрүүдэд хэлэлцээг Польш-Беларусийн хилийн ойролцоо үргэлжлүүлэхээр ярьж тохиролцлоо.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой өчигдөр утсаар ярихдаа, Украины байдлыг тогтворжуулахын тулд тус улсад цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа бөгөөд зорилго нь одоогийн тогтолцоог “нацист дэглэм”-ээс ангижруулах, “үндсэрхэг үзэлтэй” цэрэг армийг нь татан буулгах явдал ба хэлэлцээрээр наад зах нь Киев төвийг сахисан статусаа баталгаажуулж, Крымийн бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой гэжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зелинский 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Украины Олон улсын сайн дурын хүчинд элсэх хүсэлтээ гаргасан гадаадын иргэдэд Украинд визгүй нэвтрэх эрх олгох тухай зарлигт гарын үсэг зурж, улмаар Украиныг Европын холбоонд гишүүнээр элсүүлэх хүсэлт, өргөдөлд гарын үсэг зурлаа.

Украиныг Европын Холбоонд элсэх асуудлыг дэмжиж байгаагаа Болгар, Чех, Эстони, Латви, Литва, Польш, Словак, Словени зэрэг найман улсын Ерөнхийлөгч илэрхийллээ.
Герман Украинд зөөврийн агаарын довтолгооноос хамгаалах систем болох “Стингер” пуужингууд яаралтай нийлүүлж, “Патриот” агаарын довтолгооноос хамгаалах системийг Словак руу илгээж байна. АНУ НҮБ-д суугаа Оросын 12 дипломатчийг “тагнуулын ажилтнууд” хэмээн “персона нон грата”- өгч хөөв.

Similar Posts