АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Аустин нар 2022 оны дөрөвдүгээр сарын 24-нд Киевт хүрэлцэн ирж, Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон албаны хүмүүстэй уулзалт хэлэлцээр хийлээ.
Энэхүү айлчлал нь Орос-Украины зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойших АНУ-ын өндөр тушаалын хүмүүсийн Украинд хийж буй дээд түвшний анхны айлчлал болж байгаагаараа онцлог юм.
А.Блинкен, Л.Аустин нар Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба, Батлан хамгаалахын сайд О.Резников, Дотоод хэргийн сайд Д.Монастырский нартай уулзаж АНУ-аас Украинд үзүүлж буй цэргийн тусламж, нэмэлт санхүүжилт олгох боломжийн талаар ярилцжээ.
Уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен Киев дэх Элчин сайдын яамыг энэ долоо хоногт багтаан нээх, Словак улсад АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байгаа хатагтай Б.Бринкийг Украин дахь АНУ-ын Элчин сайдаар томилох болсныг мэдэгдсэн байна.
Украинд хийсэн айлчлалынхаа талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен Америкийн Конгресс болон Сенатад энэ долоо хоногийн мягмар болон пүрэв гарагт илтгэл тавих бол АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Аустин ойрын өдрүүдэд Герман дахь АНУ-ын цэргийн баазад Украины батлан хамгаалах хэрэгцээний асуудлаарх болох Пентагоны бага хуралд оролцохоор төлөвлөж байна.