Брюссель хотноо 2022 оны 1 дүгээр сарын 12-нд болсон НАТО-Оросын Зөвлөлийн хуралдаанаар Оросын талаас НАТО-г дорно зүгт өргөжүүлэхгүй гэсэн аюулгүй байдлын баталгааг эсрэг талаасаа авах, НАТО-ийн зүгээс Украинд түрэмгийлэл үйлдэхгүй гэсэн баталгааг оросын талаас гаргуулах шаардлагыг харилцан тавьсан ч НАТО албан ёсны хариу өгөөгүйн улмаас хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй билээ.
Үүний дараахан ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Оросын цэргийн дэд бүтцийг Латин Америкийн орнуудад байгуулах тухай асуудлаарх сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа “Кремлийн зүгээс ОХУ-ын аюулгүй байдлыг хангах олон хувилбарыг судалж байгаа талаар дурдаад, НАТО-ийн цэргийг нутагтаа байрлуулах Эстонийн хүсэлт бидний аюулгүй байдалдаа санаа зовьних шалтгааныг тодотгож байна” гээд тодорхой мэдээлэл өгөхөөс зайлсхийсэн байна. Дээрх асуудлаар тус улсын Гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябков сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа “юуг ч нотолж, юуг ч үгүйсгэхгүй” гээд бүх зүйл Америкийн талаас шалтгаална, гэсэн байр суурь илэрхийсэн байдаг. Сүүлийн жилүүдэд Карибын тэнгис, Латин америкийн орнуудад чиглэсэн Оросын цэрэг дипломатын үйл ажиллагаа эрс идэвхжиж байгаа бөгөөд 2021 оны зургаадугаар сард тус улсын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Куба, Венесуэл, Никарагуа улсын аюулгүй байдалд урьд өмнө байгаагүй дарамт шахалт ирэх болсноос үүдэн Москвагийн зүгээс цэргийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа талаар мэдэгдэж байсан юм. Дээрх асуудлыг Америкийн тал маш анхааралтай ажиглаж, хариу арга хэмжээ авахад бэлэн байгаа тухайгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан илэрхийлээд байна.
Оросын Агаар сансрын хүчний стратегийн бөмбөгдөгч Ту-160, Ил-62, Ан-124 онгоц Венесуэлийн зүг 2018 оны 12 дугаар сард анх нислэг үйлдэж байсан бол 2019 оны гуравдугаар сард цэргийн тээврийн Ил-62, Ан-124 нисэх онгоц Венесуэлд газардаж, оросын тусгай хүчний цэргийн сургагч нарын баг болон эмнэлэг, холбоо, ар талын мэргэжилтнүүдийг хүргэсэн байдаг. Үүнээс хойш тус улсын зүүн хойд хэсгийн Ориноко голоор Атлантын далайд гарцтай дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн Гуаян хэмээх газарт оросууд цэргийн бааз байгуулж байгаа тухай Венесуэлийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Өдгөө Орос-Венесуэлийн цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд Калашниковын автомат бууны үйлдвэр байгуулагдсанаас гадна, 20 нэгж Су-30 сөнөөгч-бөмбөгдөгч нисэх онгоц, зенитын пуужингийн системүүд нийлүүлэгдэх ажээ. Дашрамд дурдахад ОХУ-ын “Роснефть” компани Венесуэлийн нефтийн зах зээлд хамгийн том хөрөнгө оруулагч нь юм.
Хуучин ЗХУ-ын үед Кубын нийслэл Гавана хотын захад зөвлөлтийн радио-тагнуулын цэргийн бааз (2001 онд татан буугдсан), арлын өмнөд хэсэгт орших Сьенфуэгос боомтод шумбагч онгоцны үйлчилгээний бааз үйл ажиллагаа явуулж байснаас гадна 3 мянга гаруй хүнтэй мотобуудлагын бригад тус улсад байрлаж байжээ. Москва Кубын төлөх өр (хуучин ЗХУ-ын үеийн)-ийн 90 хувийг хүчингүй болгож, хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагаа 2020 оноос эрс идэвхжих болсон. Каракас, Гавана ч мөн адил оростой цэргийн салбарт хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа ил тод илэрхийлж байгаа нь АНУ-ын болгоомжлолыг нэмэгдүүлж байна.
Венесуэл, Кубад цэргийн бааз байгуулах төлөвлөгөө хэрэгжиж хэт авианы “Циркон” далавчит пуужин (8-9 махын хурдтай)-гаар зэвсэглэсэн Оросын тэнгисийн цэргийн хүчний бүлэг Америкийн хуурай газрын болон усан хилийн ойролцоо байрласнаар тус улсын цэргийн объектуудад 5 минутын дотор цохилт өгөх аюул нүүрлэх юм.
Оросын НАТО-ийн тэлэлтийн эсрэг авахаар төлөвлөж буй бас нэгэн сөрөг арга хэмжээ нь Серби улсад оператив-тактикийн “Искандер-М” пуужингийн системийг байруулах төлөвлөгөө юм. НАТО-ийн хариуцлагын бүсийн гүнд оператив-тактикийн пуужингийн систем байрлуулснаар шаардлагатай үед Умард Атлантийн цэргийн эвслийн объектуудад маш богино хугацаанд тактикийн пуужингийн цохилт өгөх илт давуу байдал үүснэ.
НАТО-г дорно зүгт тэлэхгүй байх баталгаа гаргуулах, улмаар 1997 оны хил хязгаарт нь буцаах оросын тулган шаардалтыг хүлээж аваагүйн хариуд Москва Карибын тэнгис, Латин Америкийн түнш орнууд болон Сербид цэргийн бааз байгуулах хувилбар сөргүүлэн тавьж байгаа нь хэдийгээр мэдээллийн дайны шинж чанартай мэт боловч Орос, НАТО-гийн цаашдын хэлэлцээрийг мухардмал байдалд оруулж, олон улсын цэрэг-улс төрийн байдлыг улам хурцатгах нөхцөл болж байна