Оросын Зэвсэгт хүчин 2022 оны аравдугаар сарын 10-ны өглөө Украины эрчим хүч, цэргийн командлал, холбооны байгууламжуудад агаар, далай, хуурай газраас өндөр нарийвчлалтай алсын тусгалын пуужингаар их хэмжээний цохилт өгсөн гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Аюулгүй зөвлөлийн уулзалт дээр мэдэгдлээ.
Энэхүү пуужингийн цохилт нь Украины зүгээс Оросын эсрэг үйлдсэн удаа дараагийн “террорист халдлагууд”, тухайлбал Крымийн гүүрэн дээрх “террорист ажиллагаа”-ны хариу арга хэмжээ бөгөөд хэрэв ОХУ-ын нутаг дэвсгэрт террорист халдлага хийх оролдлогоо Украин цаашид үргэлжлүүлбэл Оросын хариу арга хэмжээ үүнээс ч илүү хатуу, цар хүрээ нь аюул, заналхийллийн түвшинд нийцэхүйц байх болно гэдгийг Ерөнхийлөгч В.Путин мөн мэдэгдсэн байна.
В.Путины мэдэгдлийн дараа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Украинд өгсөн өчигдөр өглөөний пуужингийн цохилтын үр дүнгийн тайланг Аюулгүйн зөвлөлд танилцуулсан байна.
ОХУ-ын зүгээс Украины цэргийн удирдлага, дэд бүтцийн стратегийн объектуудад өгсөн өндөр нарийвчлалтай, алсын тусгалын пуужингийн цохилт нь “зорилгодоо хүрсэн” хэмээн Оросын Батлан хамгаалах яам үзэж байна. Даваа гарагийн өглөө Оросын зэвсэгт хүчин Киев, Хмельницкий, Львов, Житомир, Днепр, Тернополь, Ивано-Франковск, Харьков, Кременчуг зэрэг арваад хот руу нийтдээ 83 пуужин харваснаас 43-ыг нь амдан устгасан ба түүнчлэн Шахед-136 загварын камиказе 12 нисгэгчгүй нисэх онгоцны 9-ийг Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин устгасан гэж Украины талаас мэдэгдэж байна.
Оросууд пуужингийн цохилтдоо Каспийн бүс нутгаас стратегийн бөмбөгдөгч ТУ-95, ТУ-160 онгоцонд суурилсан Х-101, Х-555 загварын далавчит пуужин, Хар далайгаас тэнгисийн цэргийн Калибр пуужин, хуурай газраас оператив-тактикийн Искандер пуужин, зенит-пуужингийн С-300, Торнадо пуужин болон агаараас Шахед-136 нисгэгчгүй нисэх онгоц ашигласан байна.
Пуужингийн цохилтоор Украины эрчим хүч, харилцаа холбооны шугам, төмөр зам, авто зам, гүүр эвдрэн сүйрч Украины цэргийн удирдлага, шилжилт хөдөлгөөн, ар тал хангалтад хүчтэй сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Тухайлбал, пуужингийн цохилтын уршгаар Украины 11 чухал дэд бүтцийн байгууламж эвдэрсэн хэмээн Украины Ерөнхий сайд Д.Шмихал мэдэгдэж байна.
Украины Онцгой байдлын албаны мэдээлснээр, пуужингийн цохилтын улмаас тус улсад нийтдээ 11 хүн амиа алдаж, 64 хүн шархдаж, зөвхөн Киевт 45 орон сууцны барилга, гурван сургууль, нэг цэцэрлэг, зургаан соёлын байгууллага, таван эмнэлгийн байгууллага цохилтод өртсөн байна. Оросын пуужингийн цохилттой холбогдуулан өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ний Мягмар гарагт Европын цагаар 14:00 цагаас G7-ийн орнууд видео уулзалт хийж, Украинд нэмэлт тусламж үзүүлэх, ялангуяа эвдэрч сүйрсэн иргэний дэд бүтэц, нэн тэргүүнд эрчим хүчийг нь сэргээн засварлахад туслах төлөвтэй байна.
Эх сурвалж: https://www.bbc.com/russian/news-63198743