Японы болон Өмнөд Солонгосын БХЯ-ны мэдээлснээр Хойд Солонгос өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өглөө баллистик пуужин харваж Япон тэнгист, гэхдээ Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна талд унагажээ.
Одоогийн байдлаар Япон улс нь Хойд Солонгосын Лхагва гарагт хөөргөсөн пуужингийн талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийж пуужин унасан газар, нислэгийн өндөр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг судалж байгаа бололтой.
Хойд Солонгос нь хамгийн сүүлд өнгөрсөн оны 10 дугаар сард пуужингийн туршилт хийсэн бөгөөд өмнөх туршилтуудаараа ойрын тусгалын Скуд загварын далавчит пуужин КN-23, дунд тусгалын Нодонг болон Хвасонг-12, тив алгасах баллистик пуужин Хвасонг-15, шумбагч онгоцноос харвах баллистик пуужин Букгуксонг-3 зэрэг цөмийн цэнэг тээх чадвартай пуужингуудаа туршиж зэвсэглэлд оруулсан.
Хойд Солонгос 2020 оны аравдугаар сард болсон цэргийн жагсаалын үеэр 13000 км зайд харвах чадалтай тив алгасах Хвасонг-16 пуужинг үзүүлсэн. Хойд Солонгос одоогоор 40 орчим цөмийн цэнэгт байлдааны хошуутай бөгөөд цаашид цөмийн зэвсгээ жилд дунджаар 10 цөмийн цэнэгээр нэмэгдүүлэх боломжтой гэж гадаадын шинжээчид үзэж байна.