Пентагон Украинд үзүүлэх цэргийн тусламжийн шинэ багцаа албан ёсоор өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 19-нд зарлалаа. Энэхүү цэргийн тусламжийн багц нь Орос-Украины дайн эхэлснээс хойших 36 дахь багц бөгөөд тусламжийн нийт өртөг 35.4 тэрбум ам.долларт хүрээд байна.
Эх сурвалж: https://ria.ru/20230419/pomosch-1866466056.html#pv=g%3D1866466056%2Fp%3D1789313655
АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Украинд үзүүлэх 325 сая ам.долларын өртөгтэй цэргийн шинэ багц нь Украины армийн байлдааны ажиллагаанд зориулагдах төлөвтэй бөгөөд дараах зэвсэглэлийг нийлүүлнэ. Үүнд:
– HIMARS пуужингийн системд зориулсан нэмэлт сум;
– 155 мм ба 105 мм-ийн их бууны сум;
– TOW танк эсэргүүцэх удирдлагат пуужингууд;
– AT-4 танк эсэргүүцэх зэвсгийн цогцолборууд;
– Танк эсэргүүцэх мина;
– Саад бэрхшээлийг даван туулах тэсрэх бөмбөг;
– Бага оврын зэвсгийн 9 сая гаруй сум;
– Логистикийн дэмжлэг үзүүлэх 4 машин;
– Өндөр нарийвчлалтай нисэх онгоцны сум;
– Тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх хяналт, оношлогооны төхөөрөмж;
– Боомт хамгаалах тоног төхөөрөмж;
– Сэлбэг хэрэгсэл болон бусад талбайн тоног төхөөрөмж багтаж байна.