Оросын стратегийн цөмийн зэвсэглэлийн шинэчлэл өнгөрсөн онд бараг 90 хувьд хүрч хэт авианы Кинжал пуужин, сансрын Авангард цогцолборын анхны хороодыг байгуулж, хэт авианы Циркон пуужинг амжилттай туршиж, Ярс пуужингаар хоёр хороог шинээр зэвсэглэн, 4 тооны шинэчлэгдсэн Ту-95МС стратегийн цөмийн бөмбөгдөгчийг зэвсэглэлд оруулснаар агаар-сансар, газар, далай тэнгисийг хамарсан орчин үеийн хамгийн өндөр түвшний цөмийн гуравласан тогтолцоог бий болгож чадлаа.
Орос улс ойрын хугацаанд энэхүү стратегийн цөмийн гуравласан хүчнийхээ харилцан ажиллагааг шалгах зорилгоор “Аянга” нэртэй стратегийн цөмийн сургуулилтыг Стратегийн пуужингийн хүчин, агаар сансрын хүчний алсын тусгалын бөмбөгдөгч, тэнгисийн цэргийн цөмийн шумбагч пуужин тээгч онгоцуудыг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөж байна.
Ойрын дөрвөн жилд ОХУ нь Циркон загварын тэнгисийн цэргийн хэт авианы пуужингийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, Ярс, Авангард, Сармат загварын стратегийн цөмийн пуужин хөөргөх 21 төхөөрөмжийг бэлэн байдалд оруулж, 2030 он гэхэд Тэнгисийн цэргийн хүчинд зориулан 34 байлдааны усан болон шумбагч онгоц шинээр нийлүүлэхээр төлөвлөж байна.
Оросын стратегийн цөмийн зэвсгийн үндсийг бүрдүүлэх тив хоорондын баллистик пуужин Сармат нь 35 метр урт, секундэд 7 км хурдтай, 18000 км алсын тусгалтай, тус бүр нь 750 килотонн арван цөмийн цэнэгт байлдааны хошуу болон алсын удирдлагатай Авангард пуужингийн цогцолборын гурван байлдааны блокыг сансарт тээх чадалтай.
Сармат пуужингийн туршилтын талбайг Красноярск хязгаарын Северо-Енисейский суурингийн ойролцоо барьж байна. Сарматыг 2022 оноос Красноярскад үйлдвэрлэж тус хязгаарын Ужур суурингийн 62 дугаар пуужингийн дивиз, Оренбург мужийн Ясное суурингийн 13 дугаар пуужингийн дивизийг зэвсэглэж 2025 онд Стратегийн цөмийн хүчнээ бүрэн зэвсэглэж дуусгах төлөвлөгөөтэй байна.
Сармат пуужингийн тусламжтайгаар сансрын тойрогт цөмийн болон байлдааны цэнэгтэй Авангард цогцолборыг гаргах боломжтой гэж үзэж байна.
Хэт авианы Авангард пуужин нь секундэд 7 км хурдалдаг, 6000 км алсын тусгалтай бөгөөд 2019 оны 12 дугаар сараас байлдааны жижүүрлэлтэд гарч эхэлсэн. Сармат пуужингийн тусламжтайгаар сансарт гарах Авангард пуужин нислэгийнхээ ихэнх хугацаанд дэлхийн агаар мандлаас гадуур баллистик зам дагуу биш агаар мандлын дээд давхаргад өндөр хурд маневртай аялах тул өнөөгийн пуужингийн довтолгооноос хамгаалах системийг бараг үр дүнгүй болгож байна.
Хэт авианы Кинжал пуужин секундэд 4 км хурдалдаг, 2000 км алсын тусгалтай, нислэгийн өндөр 20 км, байлдааны жин 500 кг, МИГ-31 онгоц дээр суурилдаг. Кинжал пуужингийн цогцолборын анхны хороог өнгөрсөн онд байгуулсан бөгөөд байлдааны нислэгийн үүргийг ихэвчлэн Хар тэнгис, Каспийн тэнгис дээгүүр агаарын орон зайд гүйцэтгэж байна. Мөн Кинжал цогцолбор, алсын зайн стратегийн бөмбөгдөгч ТУ-22М3, ТУ-160-ын хамтарсан тактикийн нислэгийн сургуулилтаар төрөл бүрийн нисэх онгоцны цохилтын системүүдийн дайсны зорилтот байнд пуужингийн
цохилт өгөх, тэдгээрийг хослуулан ашиглах, үр ашгийг нэмэгдүүлэх туршилт хийж байна.
Хэт авианы Циркон далавчит пуужин секундэд 2,8 км хурдалдаг, 500 км алсын тусгалтай, 2020 оны 10 дугаар сараас байлдааны жижүүрлэлтэд гарч эхэлсэн. Хөлөг онгоцны эсрэг үндсэн зориулалттай Циркон пуужин нь усан доорх шумбагч онгоцноос хөөргөсөн дэлхийн анхны хэт авианы пуужин бөгөөд далайн болон газрын гадаргын аль ч зорилтот байг устгах чадвартай.
Циркон пуужин нь агаарын эсэргүүцэл багатай 30 км өндөрт аялахдаа нислэгийн өндөр, хурдаа өөрчлөх боломжтой тул түүний өндөр хурд маневр нь одоогийн пуужингийн довтолгооноос хамгаалах системийг үр дүнгүй болгож байна.
Хэт авианы Циркон пуужингийн туршилтыг 2020 онд амжилттай дуусгасан бөгөөд Цагаан тэнгисээс “Адмирал Горшков” фрегатаас харвасан Циркон пуужин Баренцын тэнгис дэх байгаа онохдоо 28 км өндөр, 450 км замыг 4,5 минутад туулсан байдаг.
Оросын стратегийн цөмийн зэвсэглэлийн хэтийн төлөв, чиг хандлага нь бага оврын цөмийн хөдөлгүүртэй нисэгчгүй цөмийн зэвсэглэл байхаар төлөвлөж байна. Тухайлбал, 2027 он хүртэл хэрэгжих төлөвлөгөөтэй цөмийн Посейдоннисгэгчгүй усан доорх тээврийн хэрэгсэл нь 2027 оноос өмнө Оросын Тэнгисийн цэргийн зэвсэглэлд орох төлөвтэй байна. Посейдоны хамгийн эхний тээвэрлэгч нь 2019 онд зэвсэглэлд орсон Белгород, тусгай төслийн Хабаровск цөмийн шумбагч онгоцууд байхаар төлөвлөж байна.
Цөмийн торпед Посейдон нь нисэх онгоц тээгч хөлөг онгоц, шумбагч завь, эрэг орчмын бэхлэлт, дэд бүтэц зэрэг янз бүрийн байнд цохилт өгөх олон талт зориулалттай. Посейдон нь байндаа дөхөж очоод усан доогуур харвагддаг, алсаас бус өөрийн гэсэн удирдлагатай усан доогуур явагч нисэгчгүй хэрэгслэл бөгөөд хурд болон алсын зайгаа нэмэгдүүлэх жижиг оврын цөмийн хөдөлгүүртэй тул хязгааргүй орон зайд аялах чадвартай. Посейдон нь байндаа дөхөж очоод дэлбэрэхэд тэр хавийг нэлэнхүйд нь устгах, эргийн хотуудад цохилт өгөх, цунами үүсгэх хүчин чадалтай.
Бага оврын цөмийн хөдөлгүүртэй алсын тусгалын тив алгасагч Бурувестник далавчит пуужин нь дайсны агаарын довтолгооноос хамгаалах системд баригдалгүй газрын гадаргуу хөндий уулын ам хавцлаар радарт харагдалгүй өндөр маневр хурдтайгаар туулан дэлхийн аль ч газар орон зайд цөмийн цохилт өгөх чадвартай.