Газрын тосны үнэ ханшийн өөрчлөлт
Хараат бус түлшний холбооны дүн шинжилгээний төвийн тэргүүн Григорий Баженовын мэдэгдсэнээр энэ жил инфляцын түвшин урьд жилүүдээс өндөр байгаа тул бензин, түлшний үнэ өсөх нь тодорхой хэмээн тайлбарласан байна.
Бензин, түлшний хямрал 2018 онд болоход Засгийн газрын зүгээс газрын тос боловсруулагч том компаниудтай үнийг огцом өсгөхгүй, инфляцтай уялдуулж тогтоож байх хэлцэл байгуулсан нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр байгаа нь үнийг зохиомлоор тогтворжуулсан хэвээр байна. Харин 2022 оны эхээр инфляцын түвшин өссөн нь бензин, шатахууны үнэ өсөхөд эрчимтэй нөлөөлөх болсон байна.
АНУ-ын Эрчим хүчний яамнаас гаргасан эрчим хүчний ойрын ирээдүйн үнийн төлөв байдлын судалгаанд газрын тосны дундаж үнэ 2022 онд өнгөрсөн оноос 17 хувь өсөх төлөвтэй байгааг дурджээ.
Эх сурвалж: U.S. Energy Information Administration, Short-Term Energy Outlook, February 2022
Мөн ОХУ-ын бензин, шатахууны дотоодын зах зээлийн үнэ нь газрын тосны экспортын үнэ буюу олон улсын зах зээлийн үнээс шууд хамааралтай юм. Тухайлбал, олон улсын зах зээл дээр үнэ өсөхөд нефть үйлдвэрлэгчид гадаад борлуулалтаа нэмэгдүүлж дотоодын нийлүүлэлтээ багасгаснаар үнэ өсдөг байна. Үүний улмаас өнгөрсөн оны есдүгээр сард дотоодын зах зээл дээр 1 литр АИ-95 бензиний үнэ дээд түвшинд буюу 45-47 рубль хүрсэн нь зарим бүс нутгийн жижиглэнгийн үнэтэй ижил түвшинд хүрсэн юм. Дотоод зах зээлийн үнэ өсөхөд дотоодын борлуулалтын хэмжээ өсөхгүй байгаа нь дотоодын борлуулалтад тогтоодог онцгой татвар сүүлийн найман жилийн дотор 3 дахин өсөж экспортын татвар эсрэгээрээ 96 хувь буурсантай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ гадагшаа борлуулах сонирхол их байна гэж Григорий Баженов ярьжээ.
Төмрийн хүдрийн үнэ ханшийн өөрчлөлт
Бодит эрэлт нийлүүлэлтээс үүдэлтэй өсөж буй төмрийн хүдрийн үнийг БНХАУ-ын төр засгаас зохицуулах оролдлого хийсээр байна. БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо болон зах зээлийг зохицуулах төрийн удирдлагын газартай хамтарч төмрийн үйлдвэрүүдэд хяналт шалгалт явуулсны үр дүнд Хятадын Дальяны бирж, Сингапурын бирж дээр өнгөрсөн оны 11 дүгээр сараас тасралтгүй өсч ирсэн төмрийн хүдрийн үнэ буурлаа.
Эх сурвалж: Iron Ore – 2022 Data – 2007-2021 Historical – 2023 Forecast – Price – Quote – Chart (tradingeconomics.com)
Сингапур улсын “Navigate Commodities”-ын шинжээч Атилла Видел “Бид төмрийн хүдрийн үнийн маш тогтворгүй нөхцөл байдалтай тулгарч байна. Нэг талаас зах зээлийн бодит байдал үнэ өсөх гарцгүй байдал нөгөө талаас БНХАУ-ын төр засгаас хүчээр хязгаарлалт тогтоох оролдлого”-ын зөрчлөөс үүдэлтэй асуудал ирэх жилүүд хүлээж байна хэмээн мэдэгджээ.