Түрэг улсуудын байгууллага (өмнө нь Түрэг хэлтэй улсуудын хамтын ажиллагааны зөвлөл, Түрэгийн зөвлөл хэмээн нэрлэгдэж байв) нь түрэг хэлтэй орнуудын иж бүрэн хамтын ажиллагааг дэмжих үндсэн зорилго бүхий Засгийн газар хоорондын байгууллага юм.
Турк улс нь 1991 он хүртэл дэлхийн цорын ганц тусгаар тогтносон, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түрэг хэлтэн улс байсан бөгөөд 1992 онд шинээр тусгаар тогтносон хуучин Зөвлөлтийн Түрэг хэлтэн орнуудын дээд хэмжээний уулзалтыг санаачлан, Анкарад зохион байгуулсан нь өнөөгийн Түрэг улсуудын байгууллага үүсэж хөгжих үндэс суурь болсон юм.
Түрэг улсуудын байгууллагыг (ТУБ) Азербайжан, Казахстан, Кыргызстан, Турк улс 2009 онд үүсгэн байгуулсан. Узбекистан тус байгууллагад бүрэн эрхт гишүүнээр 2019 онд элссэн бол Унгар 2018, Туркменистан 2021 онд ажиглагчаар элсчээ (зураг дээр ТУБ-ын орнуудын орон зай).
Байгууллагын үндсэн дүрэм болох Нахичеваны гэрээнд тус байгууллагын үндсэн зорилго, зорилтыг дараах байдлаар тодорхойлсон байдаг. Үүнд:
- Оролцогчдын хооронд харилцан итгэлцэл, нөхөрлөлийг бэхжүүлэх;
- Гадаад бодлогын асуудлаар нэгдсэн байр суурь боловсруулах;
- Олон улсын терроризм, экстремизм, салан тусгаарлах үзэл, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг зохицуулах;
- Бүс нутгийн болон хоёр талын хамтын ашиг сонирхлын бүхий л салбарт үр дүнтэй хамтын ажиллагааг дэмжих;
- Харилцан худалдаа, хөрөнгө оруулалт хийх таатай нөхцөлийг бүрдүүлэх;
- Эдийн засгийн цогц, тэнцвэртэй өсөлт, нийгэм, соёлын хөгжилд тэмүүлэх;
- Шинжлэх ухаан, технологи, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад харилцааны хэрэгслийн хоорондын харилцан үйлчлэлийг дэмжих;
- Холбогдох хууль эрх зүйн мэдээлэл солилцох, эрх зүйн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг багтаж байна.
Түрэг улсуудын байгууллагын үндсэн шийдвэр гаргах түвшний бүтцэд нь Төрийн тэргүүн нарын зөвлөл, Гадаад хэргийн сайд нарын зөвлөл, Ахмадын зөвлөл, Ахлах албан тушаалтны хороо, Нарийн бичгийн дарга нарын газар зэрэг багтдаг. Мөн тус байгууллагын институцууд болох Түрэг хэлтэн орнуудын Парламентын ассамблей (ТУРКПА), Түрэгийн соёлын олон улсын байгууллага (ТУРКСОИ), Олон улсын Түрэгийн академи, Түрэгийн соёл, өвийн сан, Үндсэн хуулийн цэцийн зөвлөл зэрэг байгууллага үйл ажиллагаа явуулдаг.
Түүнчлэн үйл ажиллагааг нь Нүүдлийн соёл, иргэншлийн төв (Бишкект төвтэй) болон Түрэгийн бизнес зөвлөл зэрэг холбогдох болон харьяа байгууллагууд дэмжиж ажилладаг.
Түрэг улсуудын байгууллага нь НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмууд болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бусад дүрэм, хэм хэмжээг баримталж, улс орнуудын бүрэн эрхт, эрх тэгш байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, түүнчлэн олон улсын энх тайван, аюулгүй байдал, сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэхийг эрхэмлэдэг.
Түрэг улсуудын байгууллагатай Иран, Украин, Өмнөд Солонгос зэрэг Өрнө Дорнын орнууд хамтран ажиллах, ажиглагчаар элсэх сонирхолтой байгаа нь түүний Евразид эзлэх орон зайг улам өргөжүүлж магадгүй юм.