Орос Америкийн хэлэлцээр төлөвлөсөн ёсоор Женев дэх Америкийн төлөөлөгчийн газар хаалттай хэмжээнд 2022 оны 1 дүгээр сарын 10-нд долоон цаг гаруй хугацаанд  явагдлаа.  Хэлэлцээрт Оросын талыг ГХЯ-ны дэд сайд Сергей Рябков, Америкийн талыг Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман нар тэргүүлж байна.

Оросын тал  Америкаас аюулгүй байдлын хууль эрх зүйн баталгаа шаардаж байгаа бөгөөд түүний дотор НАТО өргөжин тэлэх төлөвлөгөөнөөсөө татгалзах, Хойд Атлантын эвсэл 1997 оны байрлалдаа буцаж очих, Оросын  хилийн ойролцоо цохилтын зэвсгийг байрлуулахаас татгалзах гэсэн үндсэн гурван зүйлийг шаардаж байна. Ялангуяа Украин НАТО-д нэгдэн орохгүй байх нь хатуу бөгөөд зайлшгүй хамгийн гол шаардлага гэж Сергей Рябков онцолж байна. 

Харин Америкийн тал хэлэлцээрийг Украины оролцоогүйгээр хийх боломжгүй гэж үзэж байна. Мөн хоёр тал цэргийн хээрийн сургуулилтуудаа харилцан хязгаарлах, дунд болон ойрын тусгалын пуужингийн гэрээг сэргээх боломжийн тухай нааштайгаар ярилцаж байна. Хэлэлцээрээр дэвшүүлсэн асуудлуудыг нэгдүгээр сарын 12-нд Брюссельд болох Орос-НАТО-ын Зөвлөлийн хурал болон нэгдүгээр сарын 13-нд болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Венийн зөвлөлдөх уулзалтаар үргэлжлүүлэн хэлэлцэх төлөвтэй байна.

Similar Posts