БНХАУ-ын Орчин үеийн олон улс судлалын академи (CICIR)-aас жил бүр эрхлэн гаргадаг “Олон улсын стратеги, аюулгүй байдлын тойм” (2022/2023) хэвлэгдэн гарчээ. Орчин үеийн олон улс судлалын академи нь энэхүү тоймыг 2001 оноос эрхлэн гаргасан бөгөөд Монгол Улсын улс төр, эдийн засаг, гадаад бодлогын тухай тухай энэ дугаарт анх удаа оруулсан байна.

Бүс нутагт нөлөөгөө тэлж буй Монгол Улс

 Монгол Улсад Украины хямралын нөлөөгөөр гадаад орчноос дарамт шахалт ирж байсан ч эргэлт буцалтгүйгээр төвийг сахиж, асуудалд маш болгоомжтой няхуур хандан НҮБ-ын удаа дараагийн санал хураалтад түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн юм.

“Гуравдагч хөрш” орнууд

Монгол Улс “Гуравдагч хөрш” орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлж байна. Тухайлбал, 2022 оны долоодугаар сард АНУ-ын “Тусгаар тогтнолын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд мэндчилгээ дэвшүүлж, АНУ-тай хамтын үнэт зүйлс, нийтлэг ашиг сонирхолд тулгуурласан Стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлон илэрхийлсэн.

Японы Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Монгол Улсад айлчилж талууд цаашид улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, батлан хамгаалах, иргэд консулын зэрэг салбарт Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхээр тохиролцжээ. Мөн Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны 2017-2021 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, 2022-2026 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийг хэлэлцэж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан, бодитой хамтын ажиллагааг тусгасан агуулгатай байгуулахаар тохиролцсон байна.

Монгол Улс, Европын Холбооны түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хоёр талын худалдаа тасралтгүй өсөн нэмэгдэж Европын Холбоо Монгол Улсын хоёр дахь том экспортын зах зээл, гурав дахь том импортлогч болж Монгол Улс “Эдийн засгийн Гуравдагч хөрш”-ийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж байна.

Олон талт хамтын ажиллагаа 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бо Аогийн форумд 2022 оныдөрөвдүгээр сард оролцохдоо Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилт дэвшүүлсэн.

Монгол Улсын зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал нь олон  улсын эрдэмтэн судлаачид оролцож бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санаа бодлоо солилцох гол индэр болоод байна.  

Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байна

Монгол, Хятадын өндөр түвшний харилцан айлчлалын давтамж тогтмолжиж, стратегийн харилцан ойлголцол, улс төрийн итгэлцэл бэхжиж байна. Хоёр талын худалдаа 2021 онд 10 тэрбум ам.долларт хүрсэн. Цаашид  БНХАУ-ын “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга”, “Бүс ба зам” санаачилга,  Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг  уялдуулж бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ.

Хятадын тал Монгол Улсыг олон улс, бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцохыг дэмжинэ. Тухайлбал, АПЕК, Зүүн Азийн дээд хэмжээний форум болон Хятад, Япон, Солонгосын гурван талт хамтын ажиллагааны механизмд оролцон хамтран ажиллахыг идэвхтэй дэмжинэ.

Similar Posts