АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан “Улчи эрх чөлөөний бамбай (Ulchi Freedom Shield- UFS)” нийт 11 хоног үргэлжлэх хээрийн сургууль БНСУ-д энэ сарын 21-ний өдөр эхэллээ.
(Зураг: Цэргийн хамтарсан сургуулийн талаар хэвлэлийн бага хуралд мэдээлэл хийсэн хоёр улсын цэргийн алба хаагчид. БНСУ-ын Батлан Хамгаалах Яам 2023.08.14)
БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн, кибер халдлагын аюулд хариу арга хэмжээ авах чадварыг дээшлүүлэх зорилготой жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус цэргийн хамтарсан хээрийн сургуулийг БНСУ-ын өмнөх Засгийн газрын шийдвэрээр түр зогсоогоод байсныг өнгөрөгч 2022 оноос хойш дахин сэргээсэн юм.
Энэ удаагийн сургуульд нийт 58 мянган орчим хүн оролцох бөгөөд өнгөрөгч онд боловсруулж байсан 13 асуудлыг нэмэгдүүлж бодит цагийн байдалд тулгуурласан 30 орчим төрлийг боловсруулахаар төлөвлөсөн байна. Мөн АНУ-ын стратегийн бөмбөгдөгч B-1 онгоц, БНСУ-д байрладаг сансрын цэрэг анх удаагаа оролцож байгаагаараа онцлог юм.
Канад, Франц, Их Британи, Грек, Итали гэх НАТО-гийн гишүүн орноос гадна Австрали, Шинэ Зеланд, Филиппин, Тайланд улс цагийн байдлыг бий болгох, хөгжүүлэх үүрэгтэйгээр, Швед, Швейцар улс ажиглагч орноор тус тус оролцож байна[1].
[1] https://www.usfk.mil/Media/Press-Products/Press-Releases/Article/3491557/the-republic-of-korea-and-united-states-announce-exercise-ulchi-freedom-shield/