Кремлийн зүгээс өнгөрсөн найман жилийн турш Донбасст жирийн иргэд Киевийн дэглэмийн геноцид халдлагад өртөж байна хэмээн үзэж 2022 оны хоёрдугаар сарын 24-нд “Украиныг зэвсэггүйжүүлэх болон хэт үндсэрхэг үзлээс ангижруулах” хэмээх хоёр үндсэн зорилгын хүрээнд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлэв. Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлсний маргааш буюу 02 дугаар сарын 25-нд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Оросын талтай Украины “нейтрал статус”-ын талаар хэлэлцээ хийхийг санал болгов. Ингэхдээ, “Украин НАТО-д элсэх тухай асуудлаар европын тэргүүлэх улсын Төрийн тэргүүн нар хариу мэдэгдэл хийхээс айж байна” хэмээн цохон тэмдэглэж байв. Улмаар Орос, Украины төлөөлөгчид Беларусьт гурвантаа хэлэлцээ хийж, өдгөө видео холбоогоор өдөр тутам хэлэлцээ үргэлжилсээр байна.

Украины Ерөнхийлөгч В. Зеленский Оросын Ерөнхийлөгч В.Путинтай биечлэн уулзах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлээд байгаа бөгөөд тэрээр CNN телесувагт гуравдугаар сарын 20-ны өдөр өгсөн ярилцлагадаа “хэлэлцээ үр дүнгүй болсон тохиолдолд дэлхийн III дайн үүсэх эрсдэлтэй” хэмээн мэдэгдэв. Түүний үзэж буйгаар яриа хэлэлцээ хийх нь одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг намжаах, дайныг зогсоох гаргалгаа хэмээгээд ямар ч тохиолдолд Украин улс газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хадгалж үлдэх болно хэмээн нэмж тэмдэглэв.

Хэлэлцэгч талууд яриа хэлэлцээний замаар асуудлыг шийдвэрлэх тал дээр ижил байр суурьтай байгаа боловч гагцхүү уг хэлэлцээг эцэслэн баримт бичиг боловсруулах хүртэл байр сууриа хадгалж, санал солилцон тохиролцоход цаг хугацаа шаардагдах хандлагатай байна. Хэлэлцээг Польш, Беларусь улсын зүгээс дэмжин зохион байгуулахаа илэрхийлж байсан бол Украины тал Израильд уулзах санал мөн тавьж байв. Ерөнхийлөгч нарын түвшний уулзалтыг Туркийн тал зохион байгуулахад бэлэн гэдгээ тус улсын Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч И.Калын илэрхийлэв.

Өмнө болсон хэлэлцээний үр дүнгийн талаар Оросын талын төлөөлөгчдийн тэргүүлэгч, Ерөнхийлөгчийн туслах В.Мединский “Украины нейтрал статус хийгээд НАТО-д үл нэгдэх зэрэг гол асуудалд талуудын байр суурь ерөнхийдөө нэгдээд байгаа боловч нарийвчлан хэлэлцэн тохиролцох асуудал ч мөн байгаа” хэмээн дүгнэв. Хоёр орны Ерөнхийлөгчийн уулзалтын тухайд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д. Песков “Орос болон Украины хэлэлцээ үр дүнд хүрч энхийн гэрээ байгуулах тохиолдолд” боломжтой хэмээн мэдэгдэж байв. Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдөр ээлжит хэлэлцээ болох талаар Украины Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлээд байна.

Similar Posts