Беларусийн Батлан хамгаалах яамны хэвлэл мэдээллийн албанаас Оросын Зэвсэгт хүчинтэй хамтарсан агаарын цэргийн сургуулилтыг энэ сарын 16-ны өдрөөс хоёрдугаар сарын 01-ний өдрийн хооронд хийх болсон тухай мэдээллэв. Агаарын цэргийн тактикийн сургуулилтийн үеэр Беларусь улсын бүх аэродром болон Агаарын довтолгооноос хамгаалах хүчин, агаарын цэргийн хүчний полигонуудыг ашиглах ажээ. Үүнтэй холбогдуулан Оросын Агаар-сансрын хүчний бие бүрэлдэхүүн Беларусь улсад энэ сарын 08-ны өдөр ирээд байна.

Холбоотон улсын баруун хязгаарт нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор Бүс нутгийн цэргийн хамтарсан бүлэглэл үйл ажиллагаа явуулж эхлэх тухай Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко Оросын Ерөнхийлөгч В.Путинтай тохиролцлоо хэмээн өнгөрсөн оны 10 дугаар сард зарлаад байсан билээ. Беларусийн Батлан хамгаалахын яамны мэдээлснээр тус бүлэглэлд Оросын Зэвсэгт хүчний ес орчим мянган цэрэг оролцох тухай зарлаж байв. Үүнтэй холбоотойгоор хоёр улсын хамтарсан цэргийн бүлэглэлийг дэлгэн байршуулах явцад Оросын зүгээс 170 танк, 200 орчим хуягт машин, 100-аас илүү миллиметрийн 100 орчим миномет, калибр зэрэг зэвсэг байршуулахаар мэдэгдэж байв.

Ташрамд дурдахад, Оросын зүгээс цэргийн тусгай ажиллагааг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-нд эхлэхэд Беларусь улсын зүгээс Украин руу давшихад өөрийн газар нутгаар дамжин өнгөрүүлэхийг зөвшөөрч байгаагаа шууд илэрхийлж байв. Энэ талаар ч мөн Украины албаны төлөөлөгчид В.Путин Беларусийн газар нутгийг ашиглан Украины умард хэсгээс давшилтын өргөн хэмжээний шинэ фронт бий болгохыг завдаж байна хэмээн удаа дараа мэдэгдэж байв.

Similar Posts