2022 оны 3-р сарын 9-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден криптовалютуудын эрсдэл, үр ашгийг судлахыг үүрэг болгосон захирамжид гарын үсэг зурлаа. Уг захирамж нь АНУ-ыг олон улсын дижитал хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч улс болгох, инновацыг дэмжих, хариуцлагатай, аюулгүй зах зээл, системийг бий болгох, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулахад чиглэгдсэн байна.
Үүний хүрээнд АНУ-ын Сангийн яам болон бусад агентлагууд нягт уялдаа холбоотой ажиллаж, үндэсний цахим валютыг бий болгох боломж, крипто валютын зах зээлд оролцогчдын эрх ашиг, аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах, хууль бус үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, АНУ-ын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, крипто валютыг олборлох, бий болгох зэрэгт байгаль орчинд ээлтэй инновацыг нэвтрүүлэх зэрэг зургаан үндсэн агуулгад чиглэсэн стратеги бүхий санал, дүгнэлт бэлтгэх юм.
Дижитал хөрөнгө, криптовалютын зах зээл нь олон улс орны санхүүгийн зах зээл, төлбөрийн системтэй холбогдож, аюулгүй байдлын олон чухал асуудлыг хамарч байгаа тул төрийн байгууллагууд хоорондоо нягт уялдаатай ажиллахын зэрэгцээ бусад орны Засгийн газрууд, ялангуяа их долоо (G-7) болон их-20 (G-20) -ийн түнш орнууд, тус зах зээлд оролцогч институциуд, хөрөнгө оруулагчидтай хамтран олон улсын найдвартай, орчныг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулах нь нэн чухал болохыг онцолжээ.
Жо Байден Америкийн Нэгдсэн улс цаашид өөрийн үндэсний дижитал валют гаргах ёстой эсэх талаар тодорхой шийдвэр хэлээгүй боловч “Төв банкны цахим валют (CBDC)”-ийн талаар судалгаа хийхийг уриалжээ. Холбооны нөөцийн сан өнгөрсөн оноос энэ чиглэлийн судалгааны ажлыг эхлүүлж, виртуал мөнгөний давуу болон сул талын талаарх тайланг гаргасан боловч нэгдсэн улс цаашид үндэсний цахим мөнгө гаргах эсэх талаар байр сууриа хараахан гаргаагүй байгаа юм. Зарим бодлого боловсруулагчдын үзэж байгаагаар төв банкны цахим валют гаргах нь үндэсний төлбөр, тооцооны хурдыг нэмэгдүүлэх боломжтой ч санхүүгийн тогтвортой байдал, аюулгүй байдалд үүсэж болзошгүй эрсдэлийн талаар үнэлгээ хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
Мөн крипто валюттай холбоотой хууль бус ажиллагаанд тухайлбал мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, кибер зэрэгт онцгой анхаарал хандуулж, үндэсний аюулгүй байдал, санхүүгийн зах зээл, төлбөрийн системд учирч болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох, бууруулахад холбогдох агентлагуудаас хүчтэй арга хэмжээ авч ажиллахыг мөн уриалжээ.
Үүний зэрэгцээ биткойн гэх мэт дижитал валютыг олборлоход их хэмжээний эрчим хүч шаардаж байгаа нь цаашид эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул иймэрхүү сөрөг нөлөөллийг бууруулах боломжийн талаар судлах, крипто валютыг илүү “хариуцлагатай” болгох арга замыг судлахыг ч мөн үүрэг болгосон байна. Хятад улс өнгөрсөн жил эрчим хүчний өндөр хэрэглээ, эрчим хүчний түүхий эдийн үнийн өсөлтийн улмаас крипто олборлолтыг хориглосон бөгөөд үүний үр дүнд крипто валют олборлогчид АНУ, Казахстан зэрэг бусад улс руу шилжихэд хүргэсэн байна.
Энэхүү шийдвэр нь АНУ засаг захиргаанаас ойрын хугацаанд крипто валютын зах зээлд хэрхэн хандах хандлагыг өөрчлөхгүй ч тус улсад дижитал мөнгөн тэмдэгтийн зохицуулалтыг бий болгох үйл явцын эхлэл болж байна.
Эх сурвалж: www.cnbc.com