Хоёр жил тутам зохион байгуулдаг терроризмийн эсрэг ШХАБ-ын “Энхийн ажиллагаа-2021” команд штабын сургуулилалт Душанбегийн Дээд хэмжээний уулзалтын дараахан буюу 2021 оны есдүгээр сарын 20-24-ний хооронд ОХУ-ын Оренбург мужийн Донгуз сургалтын талбайд болж өнгөрлөө.

“ШХАБ-ын гишүүн орнуудын зэвсэгт хүчин терроризмын эсрэг хамтарсан ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг хангах нь” сэдэвт сургуулилалтын хүрээнд гишүүн орнуудын цэргийн алба хаагчид терроризмын эсрэг цэргийн ажиллагаанд хэрхэн бэлтгэж, хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран боловсруулжээ. Түүнчлэн сургалтын гол зорилго нь терроризмын эсрэг бэлтгэл ажлыг хангах, удирдах байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, туршлага солилцох болон тактикийн анхан шатны арга техникийг эзэмших явдал байлаа. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ удаагийн арга хэмжээ нь Афганистаны нөхцөл байдал тогтворгүй байгаатай холбоотойгоор болзошгүй террорист халдлагад ШХАБ-ын гишүүн орнуудын цэргийн албан хаагчдыг хурдан хариу арга хэмжээ авахад сургахаар зорьжээ.
Сургуулилалтын төлөвлөгөөний дагуу арми нөхцөл байдлыг тогтворжуулж, ажиллагааны бүсийг мэдээллээр хаасан болохыг онцолж байна. Түүнчлэн дайсны томоохон хэмжээний байлдааны үр нөлөөг бууруулах, нөөцийг устгах арга хэмжээг авахаар төлөвлөж ажиллажээ. Эвслийн хамтарсан хүчнийхэн террорист бүлгийнхнийг ялах, үлдсэн хэсгийг устгах, түүнчлэн “мөргөлдөөний дараах шийдвэрлэх арга хэмжээ” авах зорилгоор довтолсон болохыг Красная Звезда мэдээндээ дурджээ.
Сургуулилалтын нээлт, хаалтын ёслолд ОХУ-ын Цэргийн төв тойргийн командлагч Александр Лапин оролцож хэлсэн үгэндээ “Энэ удаагийн терроризмын эсрэг сургуулилалт нь ШХАБ-ын хамгийн чухал арга хэмжээ юм. Үр дүнтэй командлалын тогтолцооны ачаар хамтарсан хүчнийхэн терроризмын эсрэг даалгавраа бүрэн биелүүлсэн” хэмээн дүгнээд, сургуулилалтаа амжилттай дуусгасанд баяр хүргэв.
Энэ удаагийн арга хэмжээнд ШХАБ-ын гишүүн найман орны таван мянга хагас гаруй цэргийн албан хаагч, хэдэн мянган цэргийн техник хэрэгсэл оролцсоноос МИ-8 нисдэг тэрэг, СУ-24МР тагнуулын онгоц, СУ-34 сөнөөгч бөмбөгдөгч онгоц, Ил-76 цэргийн тээврийн нисэх онгоц оролцсон байна.

Similar Posts