“Strategy School”-ийг үүсгэн байгуулагч, эдийн засагч Ө.Ганзориг Стратеги судалгааны хүрээлэнгийн шинжээчдэд “Чингис хааны стратеги” сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлийн үеэр тэрээр дэлхийн геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал, технологийн шинэ хувьсгалын эрин үед хүн бүр стратегич сэтгэлгээтэй байх шаардлага улам бүр нэмэгдэж байгааг онцлов.

Мөн нүүдэлчин монголчууд дөрвөн улирлын эрс тэс уур амьсгал, байгалийн хүнд сорилтыг даван туулж, байнга нүүдэллэн амьдарч ирсэн түүхэн уламжлал нь аливаа өөрчлөлт, бэрхшээлд дасан зохицох, нөхцөл байдлыг урьдчилан тооцоолох стратегич сэтгэлгээг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн талаар дурдлаа.

Илтгэгчийн онцолсноор, Монголын эзэнт гүрний дэлхийн түүхэнд үлдээсэн хүч чадал, амжилтын нэгэн чухал үндэс нь стратегич сэтгэлгээг төр, цэргийн удирдлага төдийгүй нийгмийн өргөн хүрээнд төлөвшүүлж чадсанд оршиж байжээ.
