Залуу судлаач Г.Тод
Аливаа улсын хөгжлийн гол хөдөлгөгч хүчний нэг нь “эрчим хүч” юм. Эрчим хүчний салбар бол улсын үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах стратегийн чухал ач холбогдолд бүхий хөгжлийн тэргүүлэх салбаруудын нэг юм. Орос-Украины дайн эхэлснээс хойш олон улсын харилцаанд Европын эрчим хүчний хямрал хамгийн онцлох сэдвүүдийн нэг байсааар ирсэн. Өнөөдрийн техник, технологийн дэвшил, автомашины ажиллагаа, аж үйлдвэрийн чадамж зэрэг нь бүгд эрчим хүчнээс шууд хамааралтай байдаг.
2015 онд олон улсын хамтын нийгэмлэг дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд санаа зовниж, Парист хуралдаж, хуралдааны үр дүнд “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-т гарын үсэг зурж зарим улсууд соёрхон баталсан байдаг. Тус хэлэлцээрийн гол зорилго бол дэлхийн дундаж температурыг аж үйлдвэрлэлийн өмнөх үетэй адил болгож өсөлтийг +1.5оС хэм дээр барихаар болсон. Үүнтэй уялдаж улс гүрнүүд өөрсдийн эрчим хүчний салбартаа “Zero Emisson” буюу нүүрс хүчлийн хий, хүлэмжийн хийн ялгарлыг “тэг” болгох олон жилийн зорилт тавьж ажиллаж байна. Гэвч манай улсын хувьд эрчим хүчний салбар өнөөдөр ч толгойн өвчин болсоор байна.
Бүс нутгийн эрчим хүчний нөхцөл байдал
Манай улс Зүүн Хойд Азийн бүс нутагт оршин буйн хувьд гадаад бодлогын хамрах хүрээ мөн энэхүү бүс нутгаар тодорхойлогддог. ЗХА-д БНХАУ, БНАСАУ, БНСУ, Япон, Монгол зэрэг улсууд байх ба эдгээр нь эрчим хүчний өөр өөрсдийн гэсэн зарим сорилтуудтай байна. Тоймлон авч үзвэл:
Хятад улс дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болохын хувьд өсөн нэмэгдэж буй эдийн засаг, хүн амын эрчим хүчний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Хятад улс эрчим хүчний гол эх үүсвэр болох нүүрснээс хамааралтай байдлаа багасгахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Хятад улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, тэр дундаа нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, цөмийн эрчим хүчний салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Нэмж дурдахад Хятад улс эрчим хүчний хэрэглээндээ байгалийн хийн эзлэх хувийг нэмэгдүүлэхийн тулд дамжуулах хоолой, импортын терминал барих зэрэг байгалийн хийн дэд бүтцээ өргөжүүлж байна.
Япон улсын хувьд 2011 онд Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын ослын дараа Япон улс эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилгоор бүх цөмийн цахилгаан станцуудаа хаасан. Түүнээс хойш тус улс зарим цөмийн реакторуудаа дахин ажиллуулсан ч ард олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Япон улс эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх, тэр дундаа нар, салхины эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөнус төрөгчийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах талаар судалж байна.
Өмнөд Солонгос нүүрстөрөгчийг үе шаттайгаар саармагжуулж 2050 гэхэд “тэг” хүрэх зорилт тавьж, эрчим хүчний хэрэглээндээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн эзлэх хувийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Тус улс нар, салхины хэмжээг нэмэгдүүлж хөрөнгө оруулалт хийж байна. Өмнөд Солонгос Японтой мөн адил устөрөгчийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах талаар судалж байна.
БНАСАУ-ын дотоодын эрчим хүчний нөөц хязгаарлагдмал бөгөөд Хятадаас импортоор авдаг. Хойд Солонгос сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, тэр дундаа нар, салхины эрчим хүчийг ашиглах талаар судалж байгаа ч нөөц, технологийн хязгаарлагдмал байдлаас болж бэрхшээлтэй тулгарч байна.
Иймд манай орны хувьд эрчим хүчний нөхцөл байдал, цаашдын төлөв байдал ямар байгааг судлах шаардлага зайлшгүй гарна.
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний нөхцөл байдал
Манай улсын хувьд эрчим хүчний хэрэглээ өндөр бөгөөд нийт эрчим хүчний хэрэглээний 80 гаруй хувийг дотоодоосоо хангаж 20 хувийг ОХУ, БНХАУ-аас импортолдог. Манай улс эрчим хүчийг Төвийн бүс, Баруун бүс, Алтай-Улиастай, Дорнод бүс, Өмнөд бүс гэсэн 5 хэсэгт хуваагдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 9 цахилгаан станц, 2 усан цахилгаан станц, 2 дизель станцаар дотоодоо хангаж ОХУ, БНХАУ-аас 220 мКв эрчим хүч авч Монголын 330 гаруй сум, суурин газруудыг эрчим хүчээр хангаж байна. Манай улсын эрчим хүчний дундаж хэрэглээ жил тутам 6-8 хувиар тогтмол нэмэгддэг COVID-19 цар тахлын үеэр засгийн газраас тог, цахилгааны тарифыг бүрэн даахаар болж 2022 оны 12-р сард эрчим хүчний хэрэглээний ачаалал огцомнэмэгдэж цахилгаан түгээх систем бүрэн аваарын түвшинд очиж байсан.
Манай улс ирээдүйд аж үйлдвэрлэл, технологийн өсөлтөөс үүдэн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгаа боловч өнөөдрийн эрчим хүчний салбарын нөхцөл байдлаар бүрэн хангах чадваргүй байгаа нь харагдаж байна. Иймд манай улс эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг эрэлхийлж байгаа ба 3 төрлийн хувилбар дээр тогтож байна. Үүнд 5 дугаар цахилгаан станц, атомын цахилгаан станц, ус төрөгчийн станц байна.
Атом эсвэл ус төрөгч
Манай улс ураны арвин их нөөцтэй төдийгүй манай хөрш улсууд болон бүс нутгийн орнууд маань атомын цахилгаан станцын арвин их туршлагатай. Атомын цахилгаан станц нь жижиг талбайд их хэмжээний энерги тасралтгүй ялгаруулах чадвартай бөгөөд 1гр боловсруулсан ураны шар нунтаг 2.8 тонн нүүрс шатаасантай тэнцэх эрчим хүч өөрөөсөө ялгаруулдаг. Гэвч цөмийн хог хаягдал ихээр гардаг тул түүнийг бүрэн задлах технологи хэрэгтэй болохоос гадна ард иргэд, олон нийтийн хандлага атомын цахилгаан станцыг сайшаадаггүй бөгөөд асар их эсэргүүцэлтэй нүүрэлддэг.
Ус төрөгчийн эрчим хүч бол дэлхийн хамгийн цэвэр, ногоон эрчим хүч юм. Ус төрөгчийг эрчим хүчний гол эх үүсвэр болгох үед цорын ганц дайвар буюу хаягдал бүтээгдэхүүн гардаг нь ус /шууд ууж болох ундны ус/ юм. Энэ нь хүлэмжийн хий агаарын бохирдол үүсгэдэггүй онцлогтой. Мөн ус төрөгчийн эх үүсвэр байгаль дээр маш элбэг учир төрөл бүрийн эх үүсвэрээс гаргаж авч боловч ус төрөгч байгаль дээр цэврээр байдаггүй, гаргаж авах технологи нь маш үнэтэй учир ус төрөгч суурьтай эрчим хүч зардал өндөртэй байдаг.
Дүгнэлт
Аливаа улсын гадаад, дотоод бодлогод өөрийн улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нь нэн чухал асуудал байдаг. Гэвч үндэсний аюулгүй байдлыг хангах нь маш ээдрээтэйасуудал бөгөөд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Эрчим хүч бол тус хүчин зүйлсийн нэг бөгөөд өөрийн улсыг олон улсын хөгжилтэй хөл нийлүүлэхэд тусалдаг чухал салбар юм. Зүүн Хойд Азийн бүс нутагт оршин буй улс гүрнүүд эдийн засаг, техник, технологийн хөгжлийг ашиглан эрчим хүчний салбартаа томоохон хөрөнгө оруулалт оруулж байна. Япон, Солонгос зэрэг улсууд нь ус төрөгчийн салбарт хэдэн зуун тэрбумаар нь хөрөнгө оруулалт хийж байгаа ба АНУ гэхэд 1.7 их наяд ам.доллар төсөвлөж байна. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ жил тутамд дунджаар 6-8 хувь өсөж байгаа бөгөөд өнөөгийн эрчим хүчний салбарын тоног төхөөрөмж, насжилт, хэрэглээ нь энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах боломжгүй байгаа бөгөөд шинэ төрлийн эрчим хүчний эх үүсвэрийг хэрэглээнд нэвтрүүлэхшаардлага зайлшгүй тулгарч байна. Иймд дэлхийн хөгжлийн чиг хандлага ус төрөгчийн болон атомын эрчим хүч гэсэн хоёр салбарт ихээхэн анхаарч байна.
Ашигласан эх сурвалж
- “Hydrogen as an Energy Carrier: Prospects and Challenges” by V. Aravind, R. K. Sharma, and P. S. Sreejith, Renewable and Sustainable Energy Reviews, 2019. DOI: 10.1016/j.rser.2018.08.035
- “Hydrogen: Prospects and Challenges” by C. M. Tam, Energy Conversion and Management, 2004. DOI: 10.1016/S0196-8904(03)00159-7
- “Advantages and Challenges of Hydrogen Energy” by S. T. R. Kumara, K. L. Wasalathanthri, and P. M. Jayaweera, Sustainable Energy Technologies and Assessments, 2020. DOI: 10.1016/j.seta.2020.100819
- “A review of hydrogen as a fuel and its energy storage technologies” by A. Sharma, A. Rani, and R. K. Sharma, Renewable and Sustainable Energy Reviews, 2021. DOI: 10.1016/j.rser.2020.110389
- “China’s Energy Policy: The Road from Fossil Fuels to Renewable Energy” by Hanchen Jiang and Haifeng Liu, Energy Research & Social Science, 2021. DOI: 10.1016/j.erss.2020.101758
- “Energy Policy and the Nuclear Power Option in Japan” by Frank von Hippel and Jungmin Kang, Energy Policy, 2014. DOI: 10.1016/j.enpol.2014.03.035
- “Renewable Energy Transition in South Korea: Policy Trends and Prospects” by Hwasuk Kim and Kyoungjin Kim, Renewable and Sustainable Energy Reviews, 2021. DOI: 10.1016/j.rser.2020.110228
- “North Korea’s Energy Strategy: A Pathway to Energy Security?” by David von Hippel, Peter Hayes, and Jong Eun Lee, Energy Policy, 2017. DOI: 10.1016/j.enpol.2017.01.042