Залуу судлаач Э.Тамир[1]
XXI зууны хориод он гарснаар олон улсын харилцаа хийгээд дэлхийн улс төрд томоохон нөлөө үзүүлэхүйц хэд хэдэн үйл явдлууд өрнөлөө. Хүйтэн дайны дараа тохиосон глобалчлалын “алтан үе”-д хоорондоо нягт холбогдсон дэлхийн эдийн засаг цар тахлын уршгаар нийтээрээ сорилт, бэрхшээлтэй тулгарсан. Ялангуяа хөгжиж буй орнуудын , импорт экспорт зогсох , гадаадын хөрөнгө оруулалт багасах зэрэг хүндрэлүүд тулгарч түүний сөрөг үр дагаврын нөлөө бүрэн арилаагүй байхад Зүүн Европт шинэ ээдрээтэй үйл явдал өрнөж, Азид Тайванийг өөртөө нэгтгэх БНХАУ-ын сонирхол улам идэвхжилээ. олон улсын хүчний тэнцвэрт өөрчлөлт гарах хандлага ажиглагдаж, их гүрнүүдийн өрсөлдөөн ширүүсэж, улс орнууд уламжлалт гадаад бодлогодоо томоохон өөрчлөлтүүдийг шил дарааллан хийж эхлэв . Тэр дундаа дэлхийн хүчний тоглолтын төв Атлантын далайгаас Ази Номхон далайн бүс нутаг руу шилжиж буйтай холбоотойгоор уг бүс нутгийн жинтэй тоглогчдын нэг Япон улс гадаад бодлого, аюулгүй байдлаа хангах арга зам, стратегидаа томоохон өөрчлөлтийг хийж байна. БНХАУ-ын дэлхийн их гүрэн болох амбиц, ингэхдээ цэрэг зэвсэглэлд онцгойлон ач холбогдол өгч буй байдал[2], БНАСАУ-Япон улсын хоорондын зөрчилд ахиц гарахгүй байгаа нь Японы гадаад аюулүй байдлын орчны томоохон сорилт болж байна. Жишээ нь 2022 оны аравдугаар сарын 4-ний өдөр Япон улсын газар нутгийн дээгүүр хөөргөсөн БНАСАУ-ын дунд тусгалын пуужингийн жишээнээс харж болох бөгөөд түүний дээд хурд нь Mach 17 буюу дууны хурдыг 17 дахин нугалах хэмжээний хурдад хүрсэн хэмээн Японы талаас мэдээлж байсан юм.
Фумио Кишидагийн засгийн газрын зүгээс 2022 оны 12 дугаар сард 2023 оны батлан хамгаалах салбарын төсвийг 55 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлсэн ба хамгийн чухал нь 2027 он гэхэд ДНБ-ийн 2%-ийг дангаар нь батлан хамгаалах салбарт зарцуулах буюу НАТО-гийн стандарттай дүйх хэмжээнд батлан хамгаалах салбарт анхаарах үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийг[3] баталсан. Энэ бол 2013 онд Япон улс Орос, Хятад улсыг түнш хэмээн тодорхойлж байсан бол одоо Оросын дайнч үйл ажиллагаа, Хятадын цэргийн хүчин чадлаа идэвхтэй нэмэгдүүлэхбодлогоос шалтгаалан түншээс өрсөлдөгч хэмээх тодотголд хүргэсэн хэрэг явдал болж эргэлтийн цэг дээр тулж ирлээ гэсэн үг юм. Хэдийгээр Япон улсын энэ үйлдэл нь болзошгүй аюулаас сэргийлэх арга мэт боловч нөгөө талаас Ази-Номхон далайн бүс нутаг, тэр дундаа Зүүн Азийн улс орнуудад айдас, эргэлзээг дагуулалж байна. Ийнхүү Эдогийн үед дэлхийгээс тусгаарлагдсан 214 жилийн “isolationist” бодлогын нойронд умбасан Япон улсын хаалгыг 1853 онд Америкийн Коммодор М.Перри тогшсоны адил, 1945 оноос хойш эдийн засгийн хөгжлийг чухалчлах Ёшидагийн номлолыг дагаж даяанч төрхийг олоод байсан Япон улсын хаалгыг энэ удаад бүс нутгийнх нь улсууд тогшлоо. Тийнхүү 2022 оны сүүлээр Япон “Үндэсний аюулгүй байдлын стратеги”, “Үндэсний батлан хамгаалахын стратеги[4]”, “Батлан хамгаалах салбарыг бэхжүүлэх хөтөлбөр[5]”-ийг батлан гаргасан нь батлан хамгаалах салбарт ирэх жилүүдэд эрчимтэй арга хэмжээ авч ажиллах зорилгыг нь тодорхой болголоо. Мөн нөгөө талаас Япон улс Хойд Атлантын цэрэг-улс төрийн эвсэл, Ази-Номхон далайн бүс нутагт аюулгүй байдал хангах асуудалд хорших байр суурьтай байхыг илтгэсэн алхам болж байна. Гэвч үүнээс шалтгаалан Зүүн Азийн улс орнуудад цэрэг зэвсэглэлийн өрсөлдөөн, сөргөлдөөнөөс эмээх айдсыг төрүүлж, улс орнууд түүхэн ой санамжаа эргэн харахад хүргэх эрсдэлтэй юм. Тодруулбал өнөөгийн эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй, ардчилал хүмүүнлэгийн салбарын идэвхтэй хандивлагч Япон улс хийгээд дэлхийн II дайны үеийн Япон улс хоёр огт адилгүй боловч Эзэнт гүрний байлдан дагууллыг эргэн санацгаана гэсэн үг юм. Түүхэндээ 1939-1945 оны хооронд шинэ их гүрнүүдийн дэлхийг дахин хуваарилах гэсэн оролдлогын нэг хүчтэй тоглогч нь Японы эзэнт гүрэн байсан ба түүний байлдан дагуулалт, цэргийн ажиллагаа Солонгосын хойг, Хятад, Зүүн өмнөд Азийн улсуудаас гадна Зүүн Хойд Азийн зарим улс ч дам хэлбэрээр өртсөний нэг жишээ нь Монгол билээ.
XX зууны Монголын гадаад бодлогын түүхэнд 1961 оныг хүртэл тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулах нь тэргүүн зорилт байсан агаад гагцхүү тухайн цагийн олон улсын харилцааны онцлогоос /их гүрнүүд жижиг улсад өөрийн ашиг сонирхлыг тулган хүлээлгэх явдал түгээмэл/ шалтгаалан хойш татагдаж ирсэн юм. Тухайн цагт нөлөөллөө тогтоох их гүрнүүдийн өрсөлдөөнний хомрогондМонгол улс өртсөн нь их болохоос бага биш билээ. 1904-1905 оны ЗХУ-Японы эзэнт гүрэн дайны дараагаар хоёр их гүрэн нөлөөллийн бүсээ зурахад 50-р өргөргөөс өмнөх хэсэг нь Японы эзэнт гүрний нөлөөллийн бүс хэмээн тогтсон ба хэдий ЗХУ-ын нөлөөний бүсэд Монгол /тухайн цагийн хэллэгээр гадаад Монгол/ багтах боловч Монголын асуудалд Японы эзэнт гүрний сонирхол далдуур нөлөөлөхболсон юм. Хэдийгээр шууд Монгол улсыг чиглэсэн эрчимтэй бодлого хэрэгжүүлж байгаагүй ч, өөрийн нөлөөллийн бүс Өвөр Монголд явуулж байсан бодлогын үр нөлөө дам байдлаар Монголд тусч байсан гэж хэлж болно. Тиймдээ ч 1907, 1910, 1912 онд ЗХУ,Японы эзэнт гүрэн хоёр Монголын асуудлыг удаа дараалан хэлэлцэж тохирч байсан. Түүхнээ Дагуурын засгийн газар хэмээн 1919 онд байгуулагдсан Өвөр Монголыг түшиглэсэн нийт монголыг нэгтгэх үзэлтэй бүлэглэлд далдуур Японы тал нэн ялангуяа цэргийнхэн нь эхэндээ дэмжлэг үзүүлсэн байдаг нь Монголын асуудалд Японы далд сонирхолт байсныг илтгэнэ. Монголчууд ч Японыг ихэд сонирхож хөрш улсуудын нөлөөллийг тэнцвэржүүлэхэд дэм болгох горьдлоготой байсан нь 1913 онд сайн ноён хан Намнансүрэн, Хайсан гүн, Удай ван нар Монголын асуудлыг хэлэлцэх гурван улсын хэлэлцээр хийх болбол Японыг оролцох боломжтой эсэхийг Кодама гэгч тухайн үеийн хүрээнд хүрэлцэн ирсэн этгээдээр дамжуулан асуулгаж байснаас гадна да лам Цэрэнчимэд Японы төлөөлөгчидтэй уулзахаар идэвхийлэн зүтгээд Зөвлөлтийн нөлөөгөөр бүтэлгүйтсэн зэргээс харж болох юм. Харин дараагийн 30-аад жил Зөвлөлтийн нөлөө Монголд батжих үед Японтой харилцах гэсэн Монголын оролдлогуудыг бүрэн тасалж, сөргөлдөгч гэх санааг дэлгэрүүлсэн ба 1939 оны Халхын голын байлдааны дараагаар уг суртал ухуулга бүр ч үнэмшилтэй болж, 1972 он хүртэл нааштай сайн харилцаа хоёр улсын хооронд өрнөөгүй. Харин дипломат харилцаа тогтоосноос хойш шинэ Япон улс, Монгол Улс нь өнөөг хүртэл нэгнээ жишигт нэрлэхүйц итгэлтэй түнш улсууд болж найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өрнүүлэн хөгжүүлж байгаа билээ.
Энэ бяцхан бичвэрийн төгсгөлд өгүүлэх нь XX зууны түүхийг ажвал хөршүүдийн нөлөөллийг тэнцвэржүүлэх Монголын гадаад бодлогын сонголт дунд онцгой байр суурь эзлэх хувилбар нь Япон байсан ба өдгөө ч хэвээрээ байна. Харин өнөөдрийн олон улсын харилцаанд гарч буй өөрчлөлт, их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөнөөс шалтгаалан Зүүн Хойд Азийн бүс нутаг дахь аюулгүй байдлын орчин ээдрээтэй болох түүнээс шалтгаалан Япон улсын гадаад бодлого, аюулгүй байдлыг хангах стратегид онцгой өөрчлөлт хийж, Ази-Номхон далайн бүс нутаг дахь өрсөлдөөний томоохон тоглогч болон идэвхтэй оролцож эхэллээ. Иймд манай улсын тэнцвэр барих стратегийн тоглогчдын хоорондын харилцаа улам ээдрээтэй болж байгаа нь сорилтод бэлэн байхыг биднээс шаардаж байна.
Ашигласан материал:
Монгол хэл дээр:
- Дүгэрсүрэн, М. , Гомбосүрэн Ц. (2004). Монгол Улсын XX зууны гадаад бодлогын түүхэн тойм. УБ хот, Монгол Улс: Интерпресс.
- МУИС-ОУХНУС, Олон улсын харилцааны тэнхим. (2016). Олон улсын харилцааны үндэс ба даяаршил. УБ хот, Монгол улс: МУИС пресс хэвлэлийн газар.
- Отгонбаяр, Ё. (2016). Монголын тусгаар тогтнолын товчоон. УБ хот, Монгол улс: Сэлэнэгэпресс ХХК.
- Төмөрхүлэг, Т.( 2021). Орос, Монгол, Хятад: Улс төр, дипломатын ойллого. УБ хот, Монгол Улс: Нэпко Паблишинг.
- Хантингтон, Самуэл П.(1996). Иргэншил хоорондын мөргөлдөөн ба шинэчлэгдэж буй дэлхийн дэг журам. Орчуулсан: Энхбаатар, А. УБ хот, Монгол Улс: Монсудар хэвлэлийн газар.
Цахим материал:
- National security strategy. Ministry of Foreign Affairs of Japan. https://www.mofa.go.jp/policy/security/index.html
- Jessie Yeung, Yoonjung Seo, Brad Lendon and Emiko Jozuka. (2022, October 4). North Korea fired a missile over Japan for the first time in five years. Here’s what you need to know. CNN news. https://www.scribbr.com/apa-examples/newspaper-article/
- Takahashi Kosuke. (2022, December 17). Japan’s Major Turning Point on Defense Policy. Diplomat. https://thediplomat.com/2022/12/japans-major-turning-point-on-defense-policy/
[1] МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн докторант
[2] 2022 оны батлан хамгаалах салбарын төсөв 230 ам.доллар давсан (Эх сурвалж)
[3] Үндэсний аюулгүй байдлын стратегийн холбоос
[4] Үндэсний батлан хамгаалахын бодлогын холбоос
[5] Батлан хамгаалах салбарыг бэхжүүлэх хөтөлбөрийн холбоос