Залуу судлаач Р.Нямдаваа

Өнгөрсөн 2022 оны туршид  дэлхий нийтээр нэг үйл явдлыг анхааралтай ажиглаж, зарим хэсэг нь анхааран судалж байсан нь ОХУ-ын цэрэг Украинд орсон үйл явц, түүнийг дагасан улс төр, үзэл суртал, эдийн засаг, худалдаа, мэдээллийн өрсөлдөөн байлаа. Дэлхий дахинд, өдөр тутам олон улсын харилцааны уур амьсгалд нөлөөлөх үйл явдлууд өрнөж байдаг ч Орос-Украины дайн шиг нь элбэг биш.

Угтаа олон улсын харилцаанд их гүрнүүдийн сөргөлдөөн өргөжиж, газар авч буй нь Оросын цэрэг Украинд орсноос хавьгүй өмнө тодорхой байсан ч уг үйл явдал аажмаар өргөжиж байсан сөргөлдөөнийг нэгэнт эргэлт буцалтгүйгээр өрнөж буй үйл явц болохыг нь нотлон харууллаа.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, Үл дэлгэрүүлэх гэрээгээр[1] хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэгтэй гүрэн НҮБ-ын бүрэн эрхт гишүүн улсын нутагт цэргээ оруулж, түүгээр ч зогсохгүй нутаг дэвсгэрийнх нь зарим хэсэгт бүх нийтийн санал хураалт явуулж өөртөө нэгтгэн авсан нь олон улсын харилцааны практикт өмнө тохиож байгаагүй үйл явдал боллоо.

Энэ үйл явц нь олон улсын харилцааны онолд хүч, ашиг сонирхол, тэнцвэр дээр суурилсан реализмын үзэл санаа нь давамгай хэв шинжтэй болохыг дахин нотолж энэхүү үйл явцыг реалист үзэл санаагаар, тэр дундаа Жон Мершаймерын “давшингуй реализм”/offensive realism/-ын үзэл санаанд тулгуурлан тайлбарлах нь түгээмэл байна.[2]

Академик хүрээ, судлаачдын дунд реалист дэг сургууль болон эрх зүй, ёс зүй дээр тулгуурласан идеалист дэг сургуулийн хооронд тогтмол маргаан өрнөсөөр ирсэн ч бодит нөхцөл байдал дээр улс орнуудын, тэр дундаа их гүрнүүдийн шийдвэр гаргах түвшинд реалист чиг хандлага харьцангуй давамгай байсаар ирсэн.[3]

Түүнчлэн энэхүү дайнд шууд оролцогч тал нь Орос, Украин мэт боловч НАТО эвслийн гишүүн барууны орнууд, тэр дундаа барууны их гүрнүүд, бусад бүс нутгийн ардчилсан орнууд болон ОХУ-ын ойрын холбоотон орнууд дэмжигч байдлаар оролцож, эдгээр орнуудын бүгдийн эрх ашиг ямар нэг байдлаар хөндөгдөж буй нь асуудлыг бүр ч адармаатай болгож байна.

Түүнээс гадна БНХАУ, Энэтхэг тэргүүтэй олон улсын харилцааны нөлөө бүхий голлох тоглогчид, олон улсын зарим улс бус субъектүүдын эрх ашиг ч Украины асуудлаас үүдэн хөндөгдөж байна.

Энэ нөхцөлд Монгол улс болон бусад жижиг орнуудын эрх ашиг ч хөндөгдөх бөгөөд өдгөө идэвхтэй өрнөж буй их гүрнүүдийн улс төр, үзэл суртлын сөргөлдөөн, системийн шилжилт нь улс орнуудын гадаад бодлогод өөрчлөлт, хувьсал, сорилтыг дагуулж байна.

Тэр дундаа Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын дийлэнх нь улс төр, эдийн засаг, цэрэг стратегийн хувьд нэг биш нэлээд хэдэн их гүрнээс ойролцоо түвшинд хамааралтай байдаг нь эдгээр орнуудад учрах гадаад бодлогын сорилтыг нэмэгдүүлж байна.

Тухайлбал Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бодлогын баримт бичиг, хууль тогтоомжид Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь хоёр их хөрштэйгөө бүхэлдээ тэнцвэртэй харилцах байхаар, удаах чиглэл өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд харилцахаар тусгасан.[4]

Гэтэл энэхүү сөргөлдөөнд Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь шууд байдлаар, удаах чиглэлүүд нь дам байдлаар оролцоод зогсохгүй сүүлийн жилүүдэд ОХУ-АНУ, ОХУ-ЕХ, ОХУ-Япон, БНХАУ-Япон, БНХАУ-АНУ-ын хоёр талт харилцаа урьд өмнөхөөсөө илт хүйтрээд зогсохгүй ЕХ-БНХАУ, Их Британи-БНХАУ-ын харилцаанд ч харилцан үл итгэх хандлага газар аваад байна.

Үүнээс үүдэн нээлттэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулах үндсэн зарчимтай Монгол Улсын гадаад бодлого хумигдах бодит эрсдэл ажиглагдаж эхэллээ.

Бодлого бүхэн мөнхийн биш.Улс орны бодлого аюулгүй байдлын гадаад, дотоод орчин, улс орныхоо чадавх, нөөц бололцооноос хамааран үргэлж хувьсан өөрчлөгддөг. Бодлогоо тогтвортой байлгах нь бидний зорилт, ашиг сонирхол байж болох ч энэ бүхэн зөвхөн биднээс хамаарахгүй.

Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлого ч тодорхой хүчин зүйлсээр, тэр дотроо манай хоёр хөрш болон гуравдагч орнуудын улс төрийн харилцаагаар хязгаарлагдаж идэвхжиж, сулрах тухай санааг манай судлаач нар дэвшүүлсээр ирсэн[5]. Гэтэл бид энэ бодлогоо хэрэгжүүлж эхэлснээс хойш энэхүү бодлого хязгаарлагдах, хумигдах хамгийн бодитой эрсдэл үүсээд байна.

Их гүрнүүдийн сөргөлдөөн хурцдах тусам их гүрнүүдийн жижиг улс орнуудад тавих анхаарал нэмэгддэг. Улс орон нэг бүрийг өөрт татаж, нөгөө их гүрнийхээ эсрэг турхирахыг оролддог нь олон улсын харилцааны түүхээс үргэлж харагдсаар ирсэн. Тиймээс цаашид их гүрнүүдийн зөрчил, системийн хуваагдал урт хугацааных гэж тооцвол бидэнд хөрш орнуудын зүгээс ирэх шахалт нэмэгдэж, олон тулгуурт гадаад бодлогоо хадгалж үлдэх нь бидний хувьд улам хүнд сорилт болох эрсдэл бий. Өөрөөр хэлвэл олон улсын харилцааны ерөнхий систем нь Мортон Капланы[6] дэвшүүлсэн олон улсын харилцааны хатуу хоёр туйлт системийн элементийг агуулах нь улам нэмэгдэж байна. Өнгөрсөн онд ганцхан зуны дотор Монгол Улсыг чиглэн ирсэн БНХАУ, ОХУ, Япон, Польш, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нарын айлчлал ч үүнийг илтгэж байна.

Хамгийн сүүлд их гүрнүүдийн сөргөлдөөн оргилдоо хүрсэн үе буюу Ялта-Потсдамын систем, Хүйтэн дайны үед ч бид сөргөлдөгч талуудын нэгийнх нь холбоотон байсан түүхтэй билээ. Түүнээс гадна бидний гадаад бодлогын суурь зарчимд хувьсал гарах сорилт учирч буйгаас гадна Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болсон ОХУ-Монгол Улсын харилцаанд бодит сорилтууд учирч байна.

Үүнд нэн түрүүнд ОХУ эдийн засгийн хоригт өртөж, барууны ертөнц гагц ОХУ-д төдийгүй ОХУ-тай хамтарсан улс орнуудад таагүй хандах болсон нь нөлөөлж байгаа нь гарцаагүй. Түүнээс гадна Монгол Улсын нийт иргэдийн дунд ОХУ-ыг харах хандлага эрс өөрчлөгдсөн, иргэдийн дунд хуваагдал үүсгэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Орос-Украины дайнаас үүдэн Монгол Улсын иргэдийн дунд ОХУ-ын бодлогыг буруушаах хандлага илт газар авлаа. Тэр ч бүү хэл өнгөрсөн гучин жилд гадаад бодлогын хүрээнд харьцангуй нэгдмэл ойлголт, байр суурьтай байсан олон нийтийн дунд гадаад бодлогын асуудлаар ч талцал, хуваагдал үүсэж эхэллээ.

Классик реализмын эцэг гэгдэх Ханс Моргентау “гадаад бодлогын аливаа шийдвэрт улс төрийн хүчин зүйл үргэлж нөлөөлдөг” гэж тодорхойлсон нь бий.[7] Тиймээс олны дундах энэ үзэл санаа улс төрийн шийдвэрт нөлөөлөх эрсдэл ч бий.

Нийгмийн сүлжээний нөлөө, улс төрийн популизм газар авсан зэргээс үүдэн улс төрийн шийдвэр гаргалтад ч нийгмийн сэтгэлгээний давлагааг хэт харгалзах хандлага газар аваад байна. Гадаад бодлогын нэн чухал шийдвэрээ ч референдум буюу бүх ард түмний санал хураалтаар шийдсэн, түүнээс үүдсэн улс төрийн гацаа үүссэн тохиолдол бусад орнуудад ч гарч буйн хамгийн томоохон нь Их Британи Европын холбооноос гарсан үйл явц юм.

Орос-Украины дайн олон улсын харилцааны ерөнхий системийг лав л сүүлийн 30 гаруй жилд байгаагүйгээр хөдөлгөөнд оруулж, систем ч өөрөө тогтворгүй, хаус төлөвт шилжиж байна. Энэ шилжилт, энэ хөдөлгөөн улс орон бүрийн гадаад бодлогод сорилт учруулж буйн нэгээхэн жишээ нь нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогоо хадгалан авч үлдэх язгуур ашиг сонирхолтой Монгол Улс билээ.


[1] Үл дэлгэрүүлэх гэрээний холбоос

[2] Nicholas Ross Smith and Grant Dawson- “Mearsheimer, Realism, and the Ukraine War”  Analyse & Kritik

https://doi.org/10.1515/auk-2022-2023

[3] Jeffrey Mankoff- “The Realist Case for Ukraine” Foreign Policy research Institute. https://www.fpri.org/article/2023/01/the-realist-case-for-ukraine/

[4] Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын Их хурлын 2011 оны 10 дугаар тогтоолын хавсралт. 14.1, 14.2

[5] О. Машбат- “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын баримтлал ба гуравдагч хөршийн бодлогын хязгаар” “Их гүрнүүдийн хүрээлэлд орших улсын бодлого: Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлого”эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл. Уб. 2011. 5-р тал.

[6] Morton Kaplan View On Systems Theory, https://gkscientist.com/morton-kaplan-view-on-systems-theory/#Hierarchical_International_System

[7] Jacek WIĘCŁAWSKI- “Hans J. Morgenthau’s Concept of Politics – Its nuances and implications for the contemporary foreign policy making” Politeja No. 21 (2012), pp. 155-176

Similar Posts