Жил бүрийн хавар Монголын их говиос дэгдэх элс болон шар шороон шуурга шинэ үзэгдэл биш. Энэхүү шуурга өмнөд хөрш Хятад төдийгүй Солонгосын хойг, Японы арлууд, цаашилбал Номхон далайгаар дамжин Хойд Америкт хүрч эрсдэл учруулдаг талаар олон судалгаа бий. Эдгээр шинжлэх ухаан, бодлогын судалгаа, тайланд үндэслэж Монголын нутгаас дэгдсэн элс, шар шороон шуурга Зүүн хойд Ази (ЗХА)-ийн бүс нутгийн хүрээлэн буй орчин, хүний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийг ойлгох, цаашид хэрхэн зохицуулах талаар гадны хэвлэлд нийтлэсэн судалгааны шинэ өгүүллийг товч танилцуулж байна.
Өнгөрсөн 2021 оны 3 дугаар сард тохиолдсон хоёр удаагийн хүчтэй шороон шуурга Монгол, Хятадын газар нутгаас Солонгосын хойг, Японд хүрч хүний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн талаар энэхүү өгүүлэлд тухайлан өгүүлжээ.
Байгалийн үзэгдэл (шороон шуурга зэрэг), нийгэм, улс төрийн орчны хоорондын харилцан үйлчлэл бол нийгэм-хүрээлэн буй орчны нийлмэл тогтолцооны нэг хэсэг. Капра (2017) дэлхий нийтийн асуудлын харилцан уялдаа холбооны системчилсэн үзэл баримтлалд тулгуурлаж, нийгэм-хүрээлэн буй орчны үзэгдлийн шалтгаан, нөлөөллийн нарийн түвэгтэй байдлыг тодруулсан судалгаандаа шороон шуурга аюулгүй байдалд нөлөөлдөг олон үзэгдлийн нэг болохыг тогтоосон юм. (Зураг 1) Ингэхдээ байгалийн үзэгдлийг хүний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөлөлд тулгуурлаж, үндэсний болон бүс нутгийн аюулгүй байдалтай холбон тайлбарлажээ (Зураг 2).
Монголын шороон шуурганы улмаас хүний аюулгүй байдалд тулгарч буй гол сорилт бол хүнсний аюулгүй байдал алдагдах, хүний эрүүл мэндэд аюул учруулах, дэд бүтцийн эвдрэл, доройтол, энэ бүгдээс зайлсхийхийг оролдож буй хүн амын шилжилт хөдөлгөөн юм. Орчин үед энэхүү үзэгдлийн хөнөөл улс орнуудын хүний аюулгүй байдлаа хангах чадавхаас давж гарахгүй байгаа ч хариу арга хэмжээ авахгүй бол бол хэтдээ бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж болзошгүй юм.
Шороон шуургыг бууруулах (mitigation), бэлтгэл хангах буюу дасан зохицох (preparation or adaptation), хариу арга хэмжээ авах (response, recovery) зэргээр сайн засаглалыг бий болгох явдал чухал. Бүс нутгийн улсууд аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг зохицуулахын тулд дотоодын бодлого, хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж, олон улсын хэмжээнд хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар Хятад, Монгол улс цөлжилтийг сааруулах тус тусын хөтөлбөртэй. Олон улсын хамтын ажиллагааны үр дүнд ЗХА-ийн бүс нутагт шороон шуурганы аюулаас сэрэмжлүүлэх тогтолцоо бий болсныг судлаач мөн дурджээ.
Тус бүс нутгийн шороон шуурганд өртөмтгий байдлын талаар шинжлэх ухаан-бодлогын түвшинд нэмэлт мэдлэг шаардлагатайг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна. Ази, Номхон далайн орнуудын үндэсний аюулгүй байдал: хүний аюулгүй байдалд үзүүлэх хүрээлэн буй орчны нөлөөллийг хэрхэн зохицуулахаас хамаардаг. Бүс нутгийн тогтвортой байдал ч улс орнуудын эдгээр нөлөөллийг хэрхэн удирдахаас хамаарна. Ирээдүйд бүс нутгийн аюулгүй байдалд Монголын шороон шуурганы үзүүлэх тодорхой бус, нийлмэл нөлөөллийг бууруулах, бэлтгэл хангах, хариу арга хэмжээ авах ажлыг сайжруулахад чиглэсэн мэдлэгийг бүтээх хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь Ази, Номхон далайн орнуудын харилцан ашиг сонирхолд нийцнэ гэж судлаач дүгнэжээ.
Өгүүллийн дэлгэрэнгүйг доорх холбоосоор үзнэ үү.
“Mongolian Sand and Dust Storms’ Impacts on Asia-Pacific Environmental Security”. By J. Scott Hauger
Холбоос: https://dkiapcss.edu/nexus_articles/mongolian-sand-and-dust-storms-impacts-on-asia-pacific-environmental-security/