ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гуравдугаар сарын 14-ний өдөр Буриад улсад зочиллоо. Тэрээр Улаан-Үд хотын орчимд үйл ажиллагаа явуулж буй МИ загварын нисдэг тэрэгний үйлдвэрийн ажилчдын төлөөлөлтэй уулзаж, тэдний тавьсан асуултад хариулах явцдаа: “Бидний хувьд энэ бол зүгээр нэг геополитикийн байр суурийн төлөөх тэмцэл биш. Бидний хувьд энэ бол Оросын төрт ёсны оршин тогтнохын төлөөх тэмцэл юм. Учир нь бидний өрсөлдөгчид, эсвэл түншүүд Орос орныг хэсэгчлэн хуваах, тастах зорилготой байсан. Тиймээс бидний хувьд энэ бол зөвхөн геополитикийн асуудал биш, харин Оросын төрт улсын оршин тогтнох, улс орон, үр хүүхдүүдийнхээ ирээдүйн хөгжилд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх нь бидний үүрэг юм” гэж мэдэгджээ.
Үүний дараа Буриадын Засаг захиргааны төв байранд очиж Буриад улс, Забайкальскийн хязгаар, Хабаровск муж, Алс Дорнодын Хязгаарын Засаг захиргааны албаны хүмүүстэй видеогоор уулзалт хийж, бүс нутгийн хөгжлийн асуудлаар зөвлөлджээ.
Энэ явцад Буриадын Засгийн газрын тэргүүн А.Цедынов Буриад улсын цаашдын хөгжлийн төлөвлөлт, тулгамдсан асуудлын талаар танилцуулж мэдээлэл хийсэн ажээ.