АНУ-ын Агаарын цэргийн хүчний MQ-9 тагнуул, цохилтын нисгэгчгүй онгоц /дрон/ Румын дахь цэргийн баазаас өчигдөр буюу гуравдугаар сарын 14-нд хөөрч, Хар тэнгис дээгүүр Крымээс баруун өмнө зүгт 100 км зайд, 7 км өндөрт тандалт хийж байх үед нь Оросын Су-27 сөнөөгч онгоцууд түүнд хэт ойртон шүргэсний улмаас унажээ.
Оросын энэхүү үйлдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден “аюултай, мэргэжлийн бус, бодлогогүй үйлдэл” хэмээн нэрлэсэн бөгөөд хэрэг явдалтай холбогдуулан АНУ дахь ОХУ-ын Элчин сайд Анатолий Антоновыг тус улсын Төрийн департамент дуудан эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Харин Оросын Батлан хамгаалах яам “АНУ-ын нисгэгчгүй онгоц огцом маневр хийсний улмаас өндрөө алдаж, хяналтгүй нислэг хийж, усны гадаргуутай өөрөө мөргөлдсөн” гэж мэдэгдэж байна.