Орост болсон зэвсэгт бослоготой холбогдуулан өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Оросын хүчний байгууллагуудын удирдлагуудтай шуурхай уулзалт хийж, ард түмэндээ хандан үг хэлсэн бол Вагнер бүлгийн удирдагч Е.Пригожин мөн Беларусаас мэдэгдэл хийлээ.
Ерөнхийлөгч В.Путины хүчний байгууллагуудын удирдлагуудтай хийсэн шуурхай уулзалтад Ерөнхий прокурор Игорь Краснов, Кремлийн засаг захиргааны тэргүүн Антон Вайно, Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Холбооны аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников, Үндэсний гвардийн дарга Виктор Золотов нар оролцсон. Уулзалтын үеэр зэвсэгт бослоготой холбогдуулан ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ, тэрээр бослогын зохион байгуулагчдыг урьдын адилаар буруушаасан бол харин цус урсгалгүй бослогоо зогсоосон Вагнерийн дайчдад В.Путин талархал илэрхийлээд, тэдгээрт Оросын БХЯ, бусад хүчний байгууллагатай гэрээ байгуулах, гэртээ харих, эсвэл Беларусь явах зэрэг чөлөөт сонголтыг санал болгож, Ерөнхийлөгчийн баталгаа гаргалаа.
Ерөнхийлөгч В.Путин хэлсэн үгэндээ, бослогын үеэр Оросын цэргийн нисгэгчид амиа алдсаныг анх удаа хүлээн зөвшөөрч “амиа насаа алдсан нисгэгчдийн эр зориг Орос орныг аварсан” гэдгийг онцлон тэмдэглэсэн. Бослогыг зогсооход оросуудын эх оронч сэтгэл, эв нэгдэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг Ерөнхийлөгч В.Путин онцлоод Оросын арми, хууль сахиулах, тусгай албаныханд талархал илэрхийлсэн төдийгүй Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенкогийн “нөхцөл байдлыг энхийн замаар шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргаж, оруулсан хувь нэмэр”-ийг нь өндрөөр үнэллээ.
Мөн өдөр Е.Пригожин Минскээс хийсэн мэдэгдэлдээ дараах утга агуулгыг багтаасан байна. Үүнд:
- Вагнер бүлгийн үйл ажиллагаа зогсох аюулд хүрсэн тул “Захирагч нарын зөвлөл” хуралдаж долоодугаар сарын 1-нд тэмцэх шийдвэр гаргасан;
- Энэхүү тэмцлийн зорилго нь Оросын төрийн эсрэг чиглээгүй, зөвхөн Вагнер бүлгийн статусыг хэвээр хадгалж авч үлдэх, Оросын цэргийн удирдлагатай Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааны хариуцлага тооцох явдал байсан;
- Москва руу чиглэсэн “шударга ёсны марш”-ийн явцад тавигдсан зорилго үндсэндээ биелэгдсэн бөгөөд Москвад 200 км дөхөж очих үед орос эрсийн цус харилцан урсах нь тодорхой болсны улмаас дайчдаа эргүүлэн татсан;
- Киевыг эзлэх зорилгоор бүтэн жил давшаад амжаагүй орон зайг вагнерчууд нэг өдрийн турш туулсан нь, хэрвээ Оросын арми, цэргийн удирдлага нь вагнерын арми шиг удирдлага хангалт сайтай, мэргэжлийн тууштай байх аваас цэргийн тусгай ажиллагааны эхний хэдхэн хоногт л Украиныг эзлэх байсан.
АНУ Вагнер бүлгийг “үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага” хэмээн зарлаж, хориг арга хэмжээнд хамруулсан төдийгүй, түүний удирдагч Е.Пригожинийг тус улсад шилжүүлэн өгөхийг дэлхий нийтэд уриалж байна.
Эх сурвалж https://www.kp.ru/daily/27520/4784561/