АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Киевт хийсэн хоёр өдрийн айлчлалынхаа үеэр Украинд үзүүлэх цэргийн тусламжийн багцад шавхагдсан урантай галт хэрэгсэл нийлүүлэх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
Зураг. Шавхагдсан урантай сумны бүтэц
Шавхагдсан уран нь атомын цахилгаан станцад ашиглах ураныг баяжуулах явцад үүсдэг дагалдах бүтээгдэхүүн болох уран-238, уран-235 зэрэг цацраг идэвхт металл юм. Ураны бүх изотоп цацраг идэвхт бодис агуулдаг бөгөөд “шавхагдсан уран” буюу “depleted uranium” DU нь байгалийн изотопын хольцтой харьцуулахад цацраг идэвхт бодисыг маш бага хэмжээгээр агуулдаг байна[1]. Хэт өндөр нягтралтай хатуулаг шинж чанарыг нь ашиглаж хуяг нэвтлэх галт хэрэгслийн зүрхэвч болгон хэрэглэх болжээ. Ялангуяа шавхагдсан уран-238 нь өндөр нягтралтай, мөн гянт болдоос харьцангуй хямд учраас түүнийг байлдааны онгоцны бүрхүүл, танкийн цамхаг, хуяг нэвтлэгч сум хийхэд ашигладаг.
Шавхагдсан урантай сум хагас метрийн зузаантай танкийн хуягийг нэвт цоолоход үүсэх өндөр температур нь уг металлыг хайлуулж, ураныг уур, цацраг идэвхт тоосонцор хэлбэрт шилжүүлэх нь танкны дотор хүчтэй шаталт, дэлбэрэлт явагдах үндэслэл болдог төдийгүй үүний улмаас танкны өөрийнх нь сум, түлш мөн давхар дэлбэрч, ямарч хуягт танкийг бүрмөсөн сүйрэлд хүргэдэг онцлогтой.
Шавхагдсан урантай сумыг олон улсын хуулиар хориглоогүй бөгөөд 1970-аад оны сүүлчээс АНУ-ын “Абрамс”, Их Британийн “Челленжер”, ОХУ-ын Т-64, Т-72, Т-80 Т-90 танкнуудын зэвсэглэлд танк эсэргүүцэх галт хэрэгсэл болгон ашиглаж ирсэн байна.
[1] https://commercialmarineexpo.com/why-is-depleted-uranium-used-in-ammunition/#:~:text=SILVER%20BULLET%20made%20from%20depleted%20uranium%20can%20pierce,used%20as%20armor%2C%20it%20protects%20troops%20against%20attack.