Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага /ХАБГБ/-ын долоо хоног үргэлжлэх “Дайчин ахан дүүс-2023” нэртэй төлөвлөгөөт цэргийн хээрийн сургуулилт Беларусийн нутаг дэвсгэр дээр өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд эхэлж байна.
Сургуулилтын зорилго нь ХАБГБ-ын хамтарсан ажиллагааг бэлтгэн явуулах үеийн удирдлага, төлөвлөлтийн уялдаа холбоог сайжруулах, дарга захирагч нарын ур чадварыг дээшлүүлэх, цэргийн албан хаагчдын ёс суртахуун, байлдааны чадвар, сэтгэл зүй болон бие бялдрын тэсвэр хатуужлыг төлөвшүүлэх явдал юм.
Сургуулилтаар ХАБГБ-ын шуурхай ажиллагааны хүчин, тагнуул, эмнэлэг, ар тал, хими хамгаалалт, онцгой байдлын анги салбаруудын харилцан ажиллагаа, байлдааны ажиллагаа явуулах төрөл бүрийн хэлбэр, арга барилыг боловсруулах, зэвсэг, техник хэрэгслийн шинэ загваруудыг турших, цөмийн байгууламжид гарсан ослын үр дагаврыг арилгах ажиллагааг боловсруулахаар төлөвлөж байна.
Сургуулилт нь ХАБГБ-ын шуурхай ажиллагааны хамтарсан хүчний “Харилцан ажиллагаа-2023”, тагнуулын хүч, хэрэгслийн “Эрэл-2023”, ар тал хангалтын “Цувраа-2023”, хими хамгаалалтын “Саад-2023”, онцгой байдал, гамшиг ослын үеийн “Хясаа-2023” гэсэн таван бие даасан хээрийн сургуулилтаас бүрдэж байна.
Тухайлбал, ХАБГБ-ын гишүүн орнуудын аврах ангиуд “Хясаа-2023” тусгай сургуулилтаар Беларусийн Островец дүүрэгт хүн амын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, цөмийн байгууламжид болзошгүй ослын үр дагаврыг арилгах арга ажиллагааг боловсруулахаар төлөвлөж байна.