АНУ-ын Хөдөө аж ахуйн яам (USDA)-ны тооцоолж байгаагаар Хятадын үхрийн махны импорт 2022 онд 3.1 сая тоннд хүрэхээр байгаа бол инфляц, долларын ханшийн өсөлт, дотоод хэрэглээний сул байдал, дотоодын үйлдвэрлэлийн өсөлт зэргээс шалтгаалан 2023 онд 2.5 сая тонн болж буурах төлөвтэй байна. Импортын үхрийн махны ихэнх хэсгийг тус улсын үйлчилгээний салбарт хэрэглэдэг. Гэвч Хятадын “Тэг ковид” бодлоготой холбоотой авч хэрэгжүүлж буй хатуу арга хэмжээ, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан аялал жуулчлал, үйлчилгээний салбарын хэрэглээ 2023 онд ч сул байж, импортын бууралтад голлох нөлөөг үзүүлэхээр байна.

Эх сурвалж: АНУ-ын Хөдөө аж ахуйн яам

Тооцоолж байгаагаар Хятадын үхрийн махны хэрэглээ өмнөх оноос 3 хувиар буурч 9.9 сая тонн болох төлөвтэй байгаа. Харин оны эхний хагаст хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт зэргээс шалтгаалан буураад байсан нийлүүлэлт 2022 оны хоёрдугаар хагас гэхэд сэргэж, оны эцэст өмнөх онтой харьцуулахад 4 хувиар өсөх төлөвтэй байна.  Олон улсын зах зээл дээр үхрийн махны үнэ өсөж байгаа нь дотоодын үйлдвэрлэл нэмэгдэхэд нөлөөлж, ирэх онд ч өндөр байх хүлээлтийг бий болгожээ. Харин нөгөө талд эдийн засаг суларч, долларын ханш нэмэгдэж байгаа нь  импорт  буурах гол үндэслэл болох юм.

БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын мэдээллээр 2022 оны эхний хагас жилийн үхрийн махны импортын 38 хувийг Бразил, 18 хувийг Аргентин, 15 хувийг Уругвай эзэлж байгаа бол Шинэ-Зеланд, Австрали, АНУ-ын импорт тус бүр 7 хувийг эзэлж байна.

Бразилийн үхрийн махны экспортын ихэнх нь хөлдөөсөн үхрийн бүхэл махнаас бүрддэг тул Хятадын ирэх жилийн импортын бууралт нь тус улсын экспортод төдийлөн нөлөөлөхгүй гэж үзэж байна. Харин бусад томоохон экспортлогчид тус улсын үйлчилгээний салбар луу чиглэсэн, ихэвчлэн ангилсан болон тусгай аргаар боловсруулсан үхрийн мах нийлүүлдэг. Үүнээс уялдаатайгаар экспортын хэмжээ ирэх онд буурч болзошгүй.

Тухайлбал, Бразилийн үхрийн махны экспорт энэ оны эхний найман сарын гүйцэтгэлээр шинэ дээд амжилт тогтоосон нь Хятадын эрэлт, хэрэгцээтэй холбоотой. Бразилийн мах боловсруулагчдын холбооноос (ABRAFRIGO) мэдээлснээр, өнгөрсөн сарын гүйцэтгэлээр  Хятадад нийлүүлсэн үхрийн мах 787 мянган тонн болсон нь өмнөх оны мөн үеэс 31 хувиар өссөн үзүүлэлт юм. Үнийн дүнгийн хувьд Хятад руу нийлүүлсэн экспорт 5.32 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 70 хувиар өссөн байна. 2022 оны 1-8 дугаар сард Бразилаас Хятад руу экспортлох үхрийн махны дундаж үнэ 5.07 ам.доллар/кг байв.  Ирэх онд Хятадаас эрэлт мэдэгдэхүйц буурах нь дэлхий даяар үхрийн махны үнэ буурах дарамтыг бий болгож болзошгүй.

Similar Posts