ОХУ, НАТО-гийн хэлэлцээр үр дүнд хүрэхгүй байгаагаас шалтгаалан Зүүн Европын цэрэг-улс төрийн байдал улам хурцдаж байна. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Женев хотноо болсон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын 90 минутын уулзалт амжилтад хүрээгүй бөгөөд Америкийн тал энэ долоо хоногт Оросын шаардлагад бичгээр хариу өгөх, Украины асуудлаарх яриа хэлэлцээрийг ойрын хугацаанд дахин үргэлжлүүлэхээр тохиролцсон. Энэ уулзалтын дараа АНУ, Их Британийн Засгийн газар Киевээс зарим дипломат ажилтнаа татахаар шийдвэрлэж, НАТО зэвсэгт хүчнээ бэлэн байдалд оруулж, зарим гишүүн орон Зүүн Европт цэрэг илгээхэд бэлэн байгаагаа илэрхийлээд байна. Дани улс байлдааны хөлөг онгоц, F-16 нисэх онгоцоо Латвид, Испани байлдааны хөлөг онгоц, нисэх онгоцоо Болгарт, Франц цэргийн хүчээ мөн Болгарт илгээхэд бэлэн байгаагаа тус тус мэдэгдэж[1] Пентагон 8500 орчим цэргийг Зүүн Европт илгээхээр бэлэн байдалд оруулжээ. Дашрамд дурдахад Эстони, Латви, Литва, Польш улсуудад НАТО-ийн 4 мянга орчим цэрэг байрладаг.
НАТО-ийн орнууд Украинд цэргийн зэвсэг техникийн тусламж илгээсээр байна. Тухайлбал Их Британи өнгөрсөн долоо хоногийн эхээр танк эсэргүүцэгч пуужин илгээж, АНУ-ын 200 сая ам.долларын тусламжийн эхний хэсэг энэ сарын 22-нд ирж, Балтын орнуудын Батлан хамгаалахын сайд нар мөн газар-агаарын ангиллын “Стингер”, танк эсэргүүцэгч “Жавелин” пуужингуудыг Украинд илгээх болсон тухайгаа мэдэгдсэн.
АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээвэрлэгч “Харри Трумэн” хөлөг онгоц цохилтын бүлгийн хамт Газар дундын тэнгист болж буй НАТО-гийн тэнгисийн цэргийн хамтарсан сургуульд хоёрдугаар 04-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн оролцох болсныг Пентагон мэдэгдсэний хариуд ОХУ-ын зүгээс хоёрдугаар сард Хар далайд тэнгисийн цэргийн хүчний томоохон сургууль хийж болзошгүй байна.
Мөн ирэх хоёрдугаар сарын 10-ны өдрөөс 10 хоногийн хугацаатай явагдах Орос-Белорусийн цэргийн хамтарсан хээрийн сургуульд оролцох 30 нэгж Су-35 нисэх онгоц “Дорнод” цэргийн тойргоос Белоруст нисч очсоноос гадна АДЭХ С-400 системийн 2 дивизионыг төмөр замаар тээвэрлэн хүргэсэн. Ийнхүү Зүүн Европт Орос, НАТО-ийн цэргийн бүлэглэл бий болж цэрэг-улс төрийн маш хурцадмал байдал үүсээд байна.
Брюссель хотноо энэ сарын 12-нд болсон НАТО-Оросын Зөвлөлийн хуралдаанаар Оросын талаас тавьсан шаардлагад АНУ, НАТО нааштай хариу өгөх төлөвгүй байгаа нь нэг талаас “Оросын аюул”-аар далимдуулан Украинд үзүүлэх цэрэг, зэвсгийн тусламжаа улам идэвхжүүлж Зүүн Европ дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлэх Барууны ашиг сонирхол, нөгөө талаас цэрэг-стратегийн давуу байдлаа ашиглан НАТО-г нэгмөсөн шахаанд оруулж Украины зүүн хилийн дагуух цэргийн хүчээ тэнд нь байнга байрлуулах Кремлийн ашиг сонирхолтой зөрчилдөж байгаа тул тэдний хоорондын яриа хэлэлцээр үр дүнд хүрэх эсэх нь тун бүрхэг байна.
Ойрын ирээдүйд Зүүн Европын цэрэг-улс төрийн байдал хурцадмал хэвээр байх төлөвтэй ч хэн нэгний “болгоомжгүй”, тооцоолоогүй үйлдэл, санаатай өдөөн хатгалга гарахгүй л бол дайн, зэвсэгт мөргөлдөөн болж шатлан өргөжих шалтгаан харьцангуй бага байна.
[1] https://www.militarytimes.com/flashpoints/2022/01/24/nato-sends-ships-jets-east-ireland-rejects-russia-drills-over-ukraine-threat/